Эрсдлийн болон Хөгжлийн сангуудын журмыг УИХ-д өргөн мэдүүлжээ (2006.10.30)

A- A A+
Эрсдлийн болон Хөгжлийн сангуудын журмыг УИХ-д өргөн мэдүүлжээ (2006.10.30)

Эрсдлийн болон Хөгжлийн сангуудын журмыг УИХ-д өргөн мэдүүлжээ (2006.10.30)

Засгийн газрын хуралдаанаар Эрсдэлийн сан болон Хөрөнгө, оруулалт хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмын талаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Хуулийн дагуу Эрсдэлийн сан нь 100 хувь төсвийн хөрөнгөөр, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан нь төсвийн хөрөнгөөс гадна гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугмаар олгосон зээлээс бүрдэнэ.

2007 онд улсын төсвөөс Эрсдэлийн санд 7.75 тэрбум, Хөрөнгө оруулалт хөгжлийн санд есөн тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр 2007 оны төсвийн төсөлд тусгасан байна. Эдгээр сангийн бүрдүүлэлтэд улсын төсвөөс жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг УИХ-аар батлуулж байх юм.

Хөрөнгө оруулалт хөгжлийн сан нь улсын эдийн засгийн өсөлтөд дорвитой нэмэр оруулахуйц төсөл, арга хэмжээнд зээл олгох, зээлийн баталгаа гаргах, өндөр технологи нэвтрүүлэх, бизнес инкубатор байгуулах, бизнестэй холбоотой зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах болон гадаад зах зээлд гарахад туслалцаа үзүүлэх зорилготой юм байна.  2007 онд сангийн хөрөнгөөс 120.0 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2007 оны төсвийн төсөлд уг санд 217.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна. Монгол Улсыг хөгжүүлэх сан нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх, хүүхэд, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх, улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой дэд бүтцийг байгуулах, жижиг, дунд бизнесийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулагдах ажээ.