Сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилахын эсрэг байгаа гишүүдийн байр суурь (2006.11.23)

A- A A+
Сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилахын эсрэг байгаа гишүүдийн байр суурь (2006.11.23)

Сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилахын эсрэг байгаа гишүүдийн байр суурь (2006.11.23)

УИХ-ын  гишүүн болгон тойрогтоо 250 сая төгрөг хуваарилуулахаар төсөвт тусгах асуудал 2007 оны төсвийн хоёрдахь хэлэлцүүлгийн үеэр гарсан. Энэ асуудлаар эсрэг байр суурь баримталж буй цөөн гишүүдийн яриаг “Өдрийн сонин”-д нийтлэгдснээр толилуулж байна.  

Л.Гүндалай:  250 сая төгрөг бол гишүүдэд өгч байгаа хахууль

-Гишүүд тойрог тойрогтоо 250 сая төгрөг батлуулах тухай ид яригдаж байна. Энэ асуудлаар таны байр суурийг сонсъё?
-250 сая төгрөгийг УИХ-ын гишүүн бүрийн тойрогт, тэдний үзэмжээр зарцуулахаар өгч байгааг Их хурлын гишүүний хувьд, Ард түмний намын даргын хувьд эсэргүүцэж байгаа. УИХ-ын гишүүн төсөв хуваарилдаг, зарцуулдаг хүн биш ээ. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг буцааж татуулахын тулд 250 сая төгрөг амласан. Тэгээд гишүүд яриад 250 сая төгрөгийг тойрогтоо өөрсдийн эрх ашгийн үүднээс, өөрсдийн үзэмжээр зарцуулах болохоор зөвшөөрч, бүгд зарчмын зөрүүтэй саналаа татаж авах тохиролцоо хийсэн. Энэ тохиролцоог УИХ-д байгаа бүх намуудын хэмжээнд хийсэн. Үүнд манай нам оролцоогүй, дэмжихгүй гэдгээ хэлсэн. МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Иргэний зориг, Эх орон гээд бүх намууд оролцсон байгаа. 250 сая төгрөгөө бүгдээрээ батлаад тойрогтоо дураараа зарцуулах юм байна л даа. Энэ бол УИХ-ын гишүүдэд өгч байгаа хахууль гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд 250 сая төгрөгийн тодорхой хэмжээг дундаас нь бултуулж авах боломж нөхцөлийг гаргаж өгч байна. Үүнд нь гишүүд сэтгэл ханаад зарчмын зөрүүтэй саналаа татаж авч, ногоон гэрлээр төсөв батлах тохиролцоо хийсэн байгаа юм. Энэ бол зөвшилцөл биш хуйвалдаан. Үүнийг эсэргүүцэж байгаа. Ардчилал, ид тод байдал ярьдаг, хээл хахууль авлигаас ангид байя гэдэг хүмүүс маань үнэн хэрэг дээрээ жинхэнэ түүнийг хийдэг, дэмждэгээ харуулж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр­: Энэ жил 250, ирэх жил 500 сая, дараа нь тэрбумаар нь авдаг болох нь

.
-Гишүүд тойрог бүртээ 250 сая төгрөг хуваарилахаар Төсвийн байнгын хорооны хурлаар ярилцжээ. Харин та үүний эсрэг байр суурьтай байгаа юм байна…

-19.6 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. Энэ мөнгө бол орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр УИХ-ын гишүүдийн тойрогт оруулах хөрөнгө оруулалтын арга хэмжээ гэсэн байдлаар төсөвт тусгагдаж байгаа. Орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр гээд нэр нь их сайхан л даа. Зүйтэй, хөгжлийг дэмжих хэрэгтэй гэтэл УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулах мөнгө гэж тусгаж байгаа. Энэ бол их олон хуулийг зөрчиж байгаа маш буруу алхам.  Хамгийн түрүүнд ардчилсан ёс журамд үнэхээр их харшилж байгаа хэрэг. Ардчилсан, эрх тэгш сонгуулийн эсрэг, ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулж байгаа юм. Яагаад гэхээр яг одоо байгаа УИХ-ын гишүүд давуу эрх эдлэх болчихоод байна. Хэдэн жилийн өмнө гишүүд жилд 10 сая төгрөг авдаг байсан. Өнгөрсөн жил 100 сая төгрөг авдаг болсон. Энэ жил 250 сая, ирэх жил 500 сая төгрөг авдаг болох нь. Ингээд нэг гишүүн УИХ-ын гишүүн байх хугацаандаа нэг тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийнхөө нэрээр сонгогдсон тойрогтоо хийнэ гэдэг бол сонгуульд өрсөлдөх бусад нэр дэвшигч, өрсөлдөгчдөөс тэр хэмжээгээр давуу эрхтэй болж байгаа юм. Эрх тэгш, шударга, ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг зөрчиж байгаа.

Хоёрдугаарт, төсөвийн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Төсөв баталдаг хүмүүс маань өөрсдөдөө зориулсан хуулийг баталж байна гэдэг бол УИХ-ын гишүүний ёс зүйд зохихгүй асуудал. 2000-2004 оны хооронд гишүүд жил бүр 10 сая төгрөг тойрогтоо зарцуулахаар авдаг байсан. Үүнийг Ардчилсан намын гишүүд бид эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр үүнийхээ эсрэг болчихоод, өөрсдөө авах болохоор дэмжээд сууж байна.

УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин:  Энэ бол манай сон­гуулийн тогтолцооны гажгийг харуулж байна

Хууль тогтоох засаглалын хүмүүс буюу УИХ-ын гишүүд захиран зар­цуулах үйл ажил­ла­гаа руу оролцож эхэлж байна. Энэ нь цаашдаа их хортой юм. Нэг талаас энэ нь гишүүд Засгийн газраас ха­раат байдалтай болж байгаа юм. Зас­гийн газар нь өөрийнхөө үүр­гийн Их хурлын гишүүдтэй хуваалцаж, засаглалын зааг ялгааг арилгаж байгаа нь тусгуй. Энэ бол манай сон­гуулийн тогтолцооны гажгийг харуулж байна. Ер нь можа­ритар тогтолцоо бол хүмүү­сийг ийм юм руу түлхэж байна. Тийм ч учраас сонгуулийн системийг өөрчилж пропор­циональ юмуу холимог тогтол­цоо руу шилжье гэдэг сана­лыг бид нар тавиад байгаа. Тойрог томсгосон гээд л байна, ялгаагүй можаритар тогтолцоо хэвээрээ байж байна. Цаашид иймэрхүү байдлаар үргэлжлэх юм бол төсөв замбараагүй болж эхэл­нэ гэж бодож байна.