Алтанд гэнэтийн ашгийн татвар ногдуулсан нь Үндсэн хууль зөрсөн хэмээн Цэц үзэв (2006.12.14)
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэлийн мэдээллийн төлөөлөгчийн мэдээлснээс үзвэл гэнэтийн ашгийн татварын хуулийн алтны үнийн өсөлтөд татвар ногдуулахад холбогдох заалт нь Үндсэн хууль зөрсөн байна хэмээн Цэц үзжээ. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж иргэн Ц.Амарсайханы өргөдлийг хэлэлцэхдээ ийнхүү шийдвэрлэсэн байна.
"Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "Алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж Лондонгийн металлын бирж дээрх нэг унци алтны үнээс 500 ам.доллар хассны дараа улдсэн орлогыг ойлгоно", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо, Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно" гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн хуралдаанаас дүгнэсэн ажээ.
Дээрх хуульд алтнаас үнийн өсөлтөд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо УИХ нь холбогдох мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг авалгүйгээр "Лон-
донгийн металлын гэх алт арилжаалдаггүй биржийн үнээс хасч тооцохоор шууд заасан нь Үндсэн хуулийн "Хууль дээдлэх зарчим"-ыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн байна. Мөн уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ын "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг мөн гаргажээ.
УИХ өнгөрсөн долоодугаар сард "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухай" хуулийг баталсан бөгөөд чингэхдээ анх зөвхөн зэсийн үнийн өсөлтөд татвар ногдуулахаар төсөлд тусгасан байсныг УИХ дахь МАХН-ын бүлгийн санаачилгаар алтны үнийн өсөлтөд татвар ногдуулах заалтыг нэмсэн юм. Юутай ч Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авах эсэхийг хэлэлцэх нь тодорхой боллоо.