Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайг огцруулав (2007.01.05)
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайг огцрууллаа. Сайд Л.Гүндалайг огцруулах болсон гол үндэслэлийг Ерөнхий сайд М.Энхболд тайлбарлахдаа, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байна хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснээс үзвэл сайдыг огцруулах болсон шалтгаанууд нь “Засгийн газрын бодлогоос зөрж гадаадын хөрөнгө оруулалттай уурхай руу дайрч, хүний амь нас хохироосон, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатартай зодолдож сайд хүний ёс зүйд нийцэхгүй зүйл хийсэн, Эрүүл мэндийн бодлогын залгамж холбоог алдагдуулсан, Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нэр хүндийг гутаан доромжилж, эмч өвчтөн хоёрын харилцааг муутгасан” зэрэг аж. Харин эдгээр шалтгааныг сайд Л.Гүндалай нотолгоогүй зүйл хэмээн үзэж байна. Тэрбээр намайг муу ажиллаж байсан талаар нотолгоо шаардаж байна гэжээ..
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Ерөнхий сайд хэлэхдээ Л.Гүндалайг 24 алдаа гаргасан хэмээжээ. Та алдааг нь тооцож оноо өгдөг болсон юм уу. Хэдэн оноотой болж байж огцордог болсон юм бэ. Сайдуудын оноо хэд болж байгаа вэ. Тухайлбал, Л.Одончимэд сайд хэдэн оноотой болж байна вэ гэхэд Ерөнхий сайд хариулахдаа “Засгийн газрын гишүүдээ ажил төрлөөр нь дүгнэдэг. Гэрээгээр намын дарга нь орж ирсэн. Гэрээ үргэлжилнэ” гэж хариулжээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Засгийн газрыг тун сайн ажиллаж байгаа талаар та байнга ярьдаг байсан атлаа нэг сайдаа танхимын зарчмаар ажиллаж байгаагүй гэж одоо мэдэгдэж байгаа нь өмнө УИХ-д байнга худал хэлсэн хэрэг хэмээн үзэж байжээ. УИХ-ын гишүүн С.Оюун “Хамт зодолдсон сайд И.Эрдэнэбаатарт нь болон салбарт нь болсон ослоос болж гурван хүний амь эрсэдсэн сайд Ц.Цэнгэл, төсвийн 4,4 тэрбум төгрөгийг хууль зөрчин илүү зарцуулсан сайд Л.Одончимэд нарт яагаад хариуцлага тооцохгүй байгааг Ерөнхий сайдаас асуусан байна. Тэрбээр Ерөнхий сайдыг өөрийн намын хүмүүсээ хамгаалаад бусад намын сайдыг огцруулаад байна хэмээн мэдэгджээ.
Ардчилсан намын УИХ дахь Зөвлөлийн дүгнэлтэд дурдснаас үзвэл тус нам Л.Гүндалайд тавьж байгаа шаардлагыг бусад сайдад тавих хэрэгтэй. Иймээс Засгийн газар огцрох ёстой гэж үзэж байна. Иргэний Зроиг намын дарга С.Оюуны хэлснээр Засгийн газар дахь бусад намын сайдуудыг шахаж байгааг ИЗН дэмжихгүй байна. УИХ-ын гишүүн Ц.Батаа Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва хоёрыг ч огцруулах хэрэгтэй гэжээ. Монголын мод байхгүй болж, газар тариалан унаж, малын цэцэг өвчин гарсан нь энэ хоёр сайдыг огцруулах хангалттай шалтгаан гэж тэр үзэж байна.
Мөн өдөр Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн Ард түмний намаас Сүхбаатарын талбайд “Хариуцлагатай төр” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, сайд Гүндалайг огцруулсныг эсэргүүцсэн байна. Уг хөдөлгөөнийхөн Л.Гүндалай эмгэгт баригдсан эрүүл мэндийн салбарыг эмчлэх гэсэн алхам хийж, тэнд байгаа авлигын сүлжээг таслан зогсоосон. Гэтэл түүнийг огцруулж байгаа тул Ерөнхий сайд М.Энхболд, түүний Засгийн газар огцрох ёстой. Огцруулахын төлөө бид тэмцэнэ хэмээн мэдэгджээ.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаас огцорсныхоо дараа хэлэхдээ, ийхүү огцорч буйдаа баяртай байна гээд энэ бол улстөрөөс холдож буй хэрэг биш харин ч улам олуулаа болохын эхлэл хэмээн мэдэгджээ.