Бас нэг сайдын асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо (2007.01.09)

A- A A+
Бас нэг сайдын асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо (2007.01.09)

Бас нэг сайдын асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо (2007.01.09)

УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайг огцруулсан. Үүнээс хоёр долоо хоног орчмын өмнө УИХ-д суудалтай Иргэний Зориг намын хоёр гишүүний өргөн мэдүүлсний дагуу Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Цэнгэлийг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцээд хэвээр үлдээсэн юм. Тэгвэл энэ удаа Засгийн газрын бас нэг сайдын асуудлыг УИХ авч хэлэлцэх нь тодорхой болжээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүн З.Энхболд, А.Мурат нар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдийг  огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт өргөн мэдүүлсэн байна. Сайд Л.Одончимэдийг  төсвийн 4.6 тэрбум төгрөгийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буруу зарцуулж улсын 2006 оны төсвийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна. Тэрчлэн Иргэний Зориг намаас  Ерөнхий сайд М.Энхболдод шаардлага хүргүүлж Монгол Улсын төсвийн тухай хуулийг бүдүүлгээр зөрчиж хүүхдэд өгөхөөр УИХ-аас хуульчилсан хөрөнгөөс 4.4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл нь салбар хариуцсан сайд Л.Одончимэдийг огцруулах хангалттай үндэслэл хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. 

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг өргөн барьсан өдрөөс хойш ажлын долоо хоногт багтааж УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ажлын 14 хоногт хэлэлцэхээр дэгийн тухай хуульд заасан байна. Энэ дагуу УИХ дахь намын бүлэг зөвлөл болон салбар хариуцсан буюу Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороогоор энэ долоо хоногт багтаан хэлэлцээд чуулганд оруулна. Дашрамд дурдахад Сайд  Л.Одончимэд М.Энхболдын Засгийн газрыг байгуулахад УИХ-аас 100 хувийн дэмжлэг хүлээж томилогдсон байсан юм.