Ашигт малтмалын шинэ хууль батлагдснаасаа өөрчлөгджээ (2007.01.11)
2006 оны долдугаар сарын 7-нд УИХ-аар баталсан төсөл, Төрийн мэдээлэлд гарсан хууль хоёр зөрсөн тул Үндсэн хуулийн Цэцэд хандсан хэмээн геологийн ухааны доктор Ч.Хурц “ЗМ” сонинд /¹7/ өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Түүний хэлснээр бол УИХ-ын дэгийн дагуу баталсан хуулийг гурав хоногийн дотор ёсчлон гаргах ёстой. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийг хугацаанд нь ёсчлоогүй сарын дараа л ёсчлогджээ. Харин ёсчлогдоод “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн нь УИХ-ын наадмын өмнө батласнаас огт өөр хууль болоод гараад ирсэн аж.
Тэрбээр хэлэхдээ, УИХ-ын чуулган дээр гишүүдийн ярьж хэлэлцэж, баталсан хууль ингэж огт өөр болж гарч ирсний учир шалтгааныг олох гэж бид хөөцөлдөж судалж үзэхэд бүр ноцтой гэж хэлж болох баримтууд олсон. Тухайлбал, үндэсний эрх ашигт хохирол учруулж болохуйц олон ноцтой заалт орсон гэж доктор Ч.Хурц үзэж байна. Хамгийн ноцтой нь энэ хуульд Монголын газар нутгийг худалдах эрхийг ил тод болгож хуульчилсан гэж тэрбээр мэдэгджээ. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх ба барьцаалах гэсэн 49 дүгээр заалтад “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч эрэл хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлж болно” гэсэн нь газар нутаг, түүний хэвлий дэх ашигт малтмалыг тоног төхөөрөмж, геологийн мэдээллийн материалыг дагуулан шилжүүлэх биш, шилжүүлж байгаа мэт өнгөлөн далдалсан нууц худалдаа хийх боломжийг хуульчиллаа. Yүгээр Монголын төр өмчлөгч байх эрхээ хулгайд алдсан хэрэг боллоо. Худалдах гэдэг энэ үг 1997 оны хуульд байгаагүй, 1994 оныход бүр ч байхгүй. Ингэснээр лицензийг ямар нэгэн аргаар олж авсан этгээдүүд одоо Монголын газар нутгийг чөлөөтэй худалдах боломж бүрдэж байна хэмээн Ч.Хурц мэдэгджээ. Энэ нь Монгол Улсын Yндсэн хуулийн “…газар, түүний хэвлий, ой, ус, ан амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай зөрчилдөж байгаа ажээ.