Ашигт малтмалын хуулийг тойрсон бас нэг будлиан (2007.01.12)

A- A A+
Ашигт малтмалын хуулийг тойрсон бас нэг будлиан (2007.01.12)

Ашигт малтмалын хуулийг тойрсон бас нэг будлиан (2007.01.12)

Өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг тойрсон асуудлууд сүүлийн үед үүсч эхлэв. Энэ хуулийг батласнаас хойш нэг сарын дараа ёсчлогдон гарахдаа тусгай зөвшөөрөл шилжүүлэх ба барьцаалах тухай 49 дүгээр заалтад “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч эрэл хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлж болно” гэсэн нь Монгол Улсын Yндсэн хуулийг зөрчсөн хэмээн доктор Ч.Хурц мэдэгдэж Цэцэд хандах болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл одоо Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад "Хөрөнгө оруулалтын хэмжээ 50.0 сая ам.доллароос 100.0 сая ам.доллар бол Засгийн газар, 100.0 сая ам.доллараас дээш бол УИХ тус тус хэлэлцэнэ" гэсэн заалт алга болсон тухай УИХ дахь Ардчилсан намын гишүүд мэдэгдэж байна.  Тэд Ашигт малтмалын хуулиас заалт алга болсон асуудлын талаар УИХ-ын даргад танилцуулахаар болжээ.

Ардын эрх сонины /¹08/ мэдээлснээр УИХ-ын  гишүүд судлаад энэ заалт нь УИХ-ын даргаар ёсчлогдохоосоо өмнө алга болсныг мэдсэн байна. Иймээс эрхэм гишүүд УИХ-ын  Тамгын газраас  энэ талаар тайлбарлахыг хүсчээ. УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ж.Нарантуяагийн “АЭ” сонинд ярьснаар бол  хуульд редакци хийхээс өмнө УИХ-ын Тамгын газрын зөвлөх Д.Одсүрэн дээрх заалтыг хассан байна. Хуулийн дээрх заалт редакци хийхийн өмнөх шатанд алга болжээ. Засварыг хийсэн хойно УИХ-ын гишүүдэд тараадаг. Хассан тухайгаа зохих хүмүүст танилцуулсан байх ёстой атал юу ч танилцуулаагүй байна.  Хуулийн заалтыг ямар шалтгаанаар хассаныг тодруулж, Тамгын газрын зөвлөх Д.Одсүрэнд төрийн албан хаагчийнх нь хувьд хариуцлага тооцно гэж Ж.Нарантуяа мэдэгдсэн байна.

Энэ хэргийн буруутнаар тодроод байгаа УИХ-ын Тамгын газрын зөвлөх Д.Одсүрэн мөн сонинд  тайлбарлахдаа "Бүх гэрээ Засгийн газраар хэлэлцэгдэх байтал УИХ заримыг нь хэлэлцэхээр томъёолсон байсан тул эцсийн найруулга тараахаас өмнө ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Одхүүд танилцуулснаар хассан. УИХ-ын бүрэн эрх гэсэн наймдугаар зүйлд гэрээний талаар хэлэлцэнэ гэж тусгагдаагүй байсныг ч мөн харгалзсан" гэжээ.