2006 онд газрын тосны хайгуул эрчимжжээ (2007.01.18)
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар 2006 оны ажлын тайлангаа хэлэлцжээ. АМГТХЭГ-ын дарга Л.Болдын сэтгүүлчдэд мэдээлснээр 2006 онд тус газар улсын төсөвт 15 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байсан ч 30-аад тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2006 онд тусгай зөвшөөрлийн төлбөрөөс улсын төсөвт 12500.0 сая төгрөгийг төвлөрүүлэх ёстойгоос 18904.9 сая төгрөгийг төвлөрүүлж, үйлчилгээний хөлс гэдгээр 375.0 сая төгрөг оруулах ёстойгоос 1626.9 сая төгрөг, нийт 20.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан гэж “АЭ” сонинд /¹12/ мэдээлжээ.
Тусгай зөвшөөрөл хүссэн 2117 өргөдлийг шийдвэрлэн шинээр 1105 лицензийг олгосон байна. Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын орд газарт хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд л лицензийг олгохоор болсон бөгөөд өнгөрсөн онд 11 аж ахуйн нэгжтэй нийт 2114.6 мянган ам.долларын нөхөн төлбөрийн гэрээ байгуулжээ.
2006 онд газрын тосны хайгуул эрчимтэй хийгдсэн байна. Сүүлийн арван жилтэй тэнцэхүйц хэмжээний газрын тосны хайгуулын ажлыг өнгөрсөн онд хийсэн хэмээн Л.Болд мэдэгджээ. Тайлант хугацаанд газрын тосны хайгуул 2005 оноос 4.3-9.2 дахин, олборлолт 1.5 дахин нэмэгдэж, 3344738.0 баррель газрын тос олборлож, 309145.2 баррель газрын тос экспортлосон аж. Нийтдээ 30 гаруй сая төгрөгийн геологи судалгааны ажлыг хувийн хөрөнгөөр хийсэн байна. Улсын төсвөөр геологийн хайгуулын ажил хийгддэг ч энэ ажил тасалдангуй байгааг анхаарч, улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөнөөс геологийн судалгааны ажилд тодорхой хэмжээг нь зарцуулах хэрэгтэй хэмээн ноён Л.Болд үзэж байна.
Уул уурхайн салбарт гадаад орнуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд нь эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байгаа аж. Тухайлбал, Швейцарийн Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагтай хамтран үйлдвэрлэлийн бус аргаар ашигт малтмал олборлох ажиллагааг зохицуулах "Бичил уурхайг дэмжих" төсөл амжилттай хэрэгжүүлсний үр дүнд олон хүний амьжиргааны төвшин сайжирчээ. Мөн Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд "Уул уурхайн салбарын боловсон хүчнийг чадваржуулах" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.