Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргалаа (2007.01.18)
УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйл Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Үндэсний "Соёмбо" хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан байна. Тэрбээр Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан "Монгол Улсад газар, түүний хэвлий ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх"-ыг баталгаажуулж, "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний байлаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ашигт малтмалын хуулинд "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн" хэмээн тодорхойлсон бөгөөд "байгалийн байдлаараа" гэдэг тодорхойлолт Үндсэн хуульд байдаггүй. Байгалийн байдлаараа оршиж буй баялаг төрийн өмч мөн гэсэн томъёолол ёсоор бол байгалийн байдлаа алдсан баялаг төрийн өмчөөс гарч, хувийн өмчид шилжиж болохоор ойлгогдож байна хэмээн иргэн С.Ганбаатар үзэж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.2, 5.4, 5.5 дахь заалтаар төрийг эзэмшигч төдий болгож, хөрөнгө оруулагчийг эзэн болгож хувиргалаа гэдэг үндэслэлийг ч тэрбээр өргөдлөө тайлбарласан байна.