Тогтвортой байдлын гэрээний төслийг нээлттэй болгохыг шаардлаа (2007.01.24)
Оюу толгой төслийн талаар Айвенхоу Майнз компанитай хийх тогтвортой байдлын гэрээний төслийг олон нийтэд ил тод болгохыг "Миний Монголын газар шороо" Засгийн газраас шаардсан байна. Хэрэв гэрээг ил тод болгохгүй бол Их Британийн Олон улсын хөгжлийн департаментын олон улсын Олборлох Салбарын ил тод байдлын санаачилгын нарийн бичгийн дарга нарын газарт хандана хэмээн мэдэгджээ. Газрын хэвлий дэх баялгаараа дэлхийд тавдугаарт орох Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй Айвенхоу Майнз компанитай Монгол Улсын Засгийн газар ямар гэрээ байгуулж байгаа нь тодорхойгүй байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Олборлох Салбарын ил тод байдлын санаачилгын зарчим, шалгууруудыг хэрэгжүүлж олон улсын өмнө хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлэхгүй байна хэмээн тус хөдөлгөөн үзэж байна. Түүнчлэн Олборлох салбарын ил тод байдлын санаачилагын үндэсний зөвлөлд ашигт малтмалын талаар дагнан үйл ажиллагаа явуулж буй "Миний Монголын газар шороо" хөдөлгөөний төлөөллийг оруулахыг мөн шаардсан аж.