Ерөнхийлөгч Н.Энхбаяр стратегийн орд газрын талаар байр сууриа илэрхийллээ (2007.01.29)

A- A A+
Ерөнхийлөгч Н.Энхбаяр стратегийн орд газрын талаар байр сууриа илэрхийллээ (2007.01.29)

Ерөнхийлөгч Н.Энхбаяр стратегийн орд газрын талаар байр сууриа илэрхийллээ (2007.01.29)

Сүүлийн үед улстөрийн нөхцөл байдал ээдрээтэй болж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн байр сууриа олон нийтэд хандан илэрхийлсэн байна. Тэрбээр ашигт малтмалын орд газар, үндэсний хөгжлийн цогц бодлого гэсэн хоёр асуудал анхаарлаа түлхүү хандуулжээ.

Ашигт малтмалын талаар ойрын хугацаанд бодит үр дүн гаргах дараахь алхмыг авч хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч санал болгожээ. Юуны өмнө Засгийн газраас өргөн барьсан стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг УИХ яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн тэр үзэж байна. Ялангуяа Таван толгой, Цайдам, Оюу толгой, Цагаан суврага, Цав, Төмөртэй зэрэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын чухлыг тэмдэглэжээ. Мөн төсвийн зардлаар геологийн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордын төрийн мэдлийн хувь хэмжээг 50-иас илүү хувиар тогтоох бодлого баримталж, яриа хэлэлцээр хийх, хувийн хөрөнгөөр геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордын төрийн мэдлийн хувийг улс орны эрх ашигт нийцүүлэн тогтоох талаар лиценз эзэмшигчидтэй хэлэлцээр хийхийг сануулжээ.

Стратегийн ордын төрийн мэдлийн хувийг төрийн өмчийн бүтэц буй болгон бүртгэж, эдгээр ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсны дараа төрд ногдох ашгийг “Эрдэнэсийн сан” байгуулан төвлөрүүлэх нь зүйтэй гэж Ерөнхийлөгч Н.Энхбаяр үзэж байна. “Эрдэнэсийн сан”-д жил бүр төвлөрөх хөрөнгийн тодорхой хувийг “Эх орны хишиг” хэмээн томъёолж, иргэддээ тэгш хуваарилж байх, нэг хэсгийг нь улс орны хөгжлийг түргэтгэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтад зарцуулах зэргээр ашиглаж болно гэжээ.

Стратегийн ордыг төрөөс дангаараа хөрөнгө оруулж ашиглах санхүүгийн боломж хомс байгаа нөхцөлд найдвартай түнш, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах бодлого баримтлахдаа ил тод, шудрага, нээлттэй сонгон шалгаруулалт хийх, ингэхдээ олон улсад хэрэглэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн хувьцаа гаргах, бонд борлуулах, урьдчилсан төлбөр хийлгэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглаж, нэн даруй ихээхэн хэмжээний хөрөнгийг “Монгол Улсыг Хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж, Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэрийг буй болгох нь зүйтэй гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Yндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах ажлыг санаачлан эхлүүлжээ. Монгол Улс алсыг харсан хөгжлийн зөв бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний хангалттай эх үүсвэртэй, нийт ард түмнээрээ эв нэгдлийг эрхэмлэн хичээн зүтгэвээс 2021 он гэхэд нэг хүнд 12,0-15,0 мянган ам. доллар ногдох ДНБ-тэй болох цаашид өндөр технологи бүхий боловсруулах салбарын үйлдвэрлэл зонхилсон, идэвхтэй, эрчимтэй хөгжиж байгаа улс орон болох бүрэн бололцоотой гэдгийг эрдэмтдийн  тооцоо харуулж байгаа гэж тэрбээр онцлоод эдгээр асуудлаар улстөр, олон нийтийн бүх байгууллага, иргэдийг хамтран ажиллахыг  уриалсан байна.