Улсын төсвөөр хайгуул хийсэн орд газрыг төрийн мэдэлд авахыг дэмжлээ (2007.01.31)
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод ямар орд газруудыг хамааруулах тухай асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар болжээ. Засгийн газар 49 орд газрыг санал болгосон бол УИХ-ын ажлын хэсэг нягтлаад 17 ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахаар болж байгаа аж. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50 хувь, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын 34 хүртэлх хувийг төр мэдэлдээ авахаар заасан. Энэ заалтад тулгуурлан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс, молибдений орд, Асгатын мөнгөний ордын төрийн эзэмшлийн хувийг одоогийн байгаа хэвээр нь хадгалахаар тогтжээ. Мөн Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр зохицуулагдаж буй Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн орд болон төрийн өмчийн оролцоо бүхий Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордуудын одоогийн ашиглаж байгаа нөхцлийг хэвээр байлгахыг байнгын хорооны гишүүд дэмжжээ.
Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга зэрэг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ямар байхыг Засгийн газар боловсруулан УИХ-д оруулахаар болоод байна. Түүнчлэн ашигт малтмалын зарим ордын нөөцийг нарийн тогтоосны дараа стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах саналаа боловсруулан УИХ-д оруулахыг Засгийн газарт үүрэг болгожээ. Мөн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш илэрч, нөөц нь тогтоогдсон ордыг жагсаалтад хамааруулах саналаа Засгийн газар өргөн барихаар болсон байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын лиценцийг төр эзэмших саналыг УИХ-ын гишүүн Р.Буд, Р.Гончигдорж нар гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээж, Засгийн газар уг асуудлыг судалж УИХ-д оруулах үүрэг хүлээсэн байна.