ТББ-уудыг судалгааны ажил хийхийг урьж байна

A- A A+
ТББ-уудыг судалгааны ажил хийхийг урьж байна

ТББ-уудыг судалгааны ажил хийхийг урьж байна

Монгол улсын 2007 оны төсвийн төслийн дүн шинжилгээ

Төр засгийн бодлогын хамгийн чухал баримт бичгийн нэг болох Монгол улсын 2007 оны төсвийг УИХ-аар хуульд заасан журмын дагуу хэлэлцэж байгаа билээ. Уг хэлэлцүүлэгт харин иргэний нийгмийн байгууллагууд тодорхой санал оруулах, түүнийгээ батлуулах боломж хязгаарлагдмал байдаг. Улмаар батлагдсан төсөв тэр бүр иргэдийн хамгийн чухал гэсэн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцэхгүй хэлбэрээр батлагдах магадлалтай.

Нээлттэй Нийгэм Форумаас төсвийн хэлэлцүүлгийг илүү нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах үүднээс төсвийн хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, эрдэмтэд, судлаач зэрэг тодорхой сонирхолын бүлгүүдийн дуу хоолой, санал бодлыг хүргэх үүднээс төсвийн төсөлд хэсэгчилсэн дүн шинжилгээ хийж, үр дүнг нь бодлого боловсруулагч болон олон нийтэд хүргэхийг зорьж байна. Улмаар төрийн бус байгууллагуудыг өөрсдийн зорилгын хүрээнд ирэх жилийн төсөвт дүн шинжилгээ өгч, өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхийг урьж байна.

Дүн шинжилгээг дараах чиглэлээр хийх боломжтой. Үүнд:

  • Макро эдийн засгийн бодлого ба төсвийн харьцаа
  • Төсвийн орлогын төлөвлөгөө
  • Төсвийн зарлагын төлөвлөгөө
  • Төсвийн хөрөнгө оруулалтын асуудлууд
  • Тодорхой салбарын асуудлууд, тухайлбал эрүүл мэнд, боловсрол г.м.
  • Тодорхой хөтөлбөрүүдэд зориулсан төсвийн асуудлууд
  • Төсвийн алдагдал/ашиг ба улсын өрийн асуудал
  • Бусад

Судалгааг хийхэд олон жилийн динамик чиг хандлага, бусад улс оронтой хийсэн харьцуулалт, хууль тогтоомжид нийцсэн байдал зэрэг олон талын асуудлыг тусган авч үзнэ. Судалгааны гол аргачлал нь тоо, баримт бичиг, хууль тогтоомж судлах, бусад суурь судалгааг тоймлох, мөн бодлогын тодорхой дүгнэлт, зөвлөмжүүдийг санал болгох хэлбэртэй байна.

Судалгааг хийх төрийн бус байгууллага, судлаач нь төсвийн судалгаа, шинжилгээ, боловсруулалт, зарцуулалт, хяналтын чиглэлээр, эсвэл тодорхой авч үзэх гэж байгаа салбарт таваас доошгүй жил ажилласан, асуудлыг иргэний нийгмийн байр сууринаас шинжлэн үзэх чадвартай, бодлогын дүгнэлт, санал зөвлөмж гаргаж тавих чадвартай байна.

Судалгааны дүнд төсвийн дүн шинжилгээний баримт (үндсэн дүн шинжилгээ дээд тал нь 10 хуудас, хавсралт нийлээд бүх судалгаа дээд тал нь 15 хуудас, Таймс Нью Роман-12 фонт), мөн бодлого боловсруулагч болон олон нийтэд зориулан хийх танилцуулга (MS Power Point танилцуулга) байх болно.
 
Судалгааг 2006 оны 11 сарын 1-9-ний өдрүүдэд гүйцэтгэж, олон нийтэд 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор танилцуулна.

Аливаа асуудлаар Нээлттэй Нийгэм Форумын Н. Дорждарь-тай [email protected], 313207, 99085899 утсаар харилцана уу.