Холбоо, иргэний хөдөлгөөнийхөн стратегийн ордыг 50-иар хязгаарлагдах ёсгүй гэж үзэж байна
Эх сурвалж: Өдрийн сонин. 2007-02-08
УИХ-ын зарим гишүүн ордын лицензтэй тул тэд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргах магадлал өндөр байна гэж иргэний хөдөлгөөнийхөн үзэж байна. Стратегийн ордын талаар тэд ийнхүү байр сууриа илэрхийлж байна. Тэд юуны түрүүнд ордуудын талаар өнөөгийн парламентаас гаргах гэж буй шийдвэр нь улс орны ирээдүй, хойч үе рүүгээ чиглэсэн, үүнийг харж тусгасан байх ёстой хэмээн үзэж байна.
"Миний Монголын газар шороо" хөдөлгөөний гүйцэтгэх захирал Б.Болдбаатар:
-Хамгийн түрүүнд өгөөжөө өгөх, дэд бүтэц хөгжсөн ордуудыг эхлээд ашиглах талаар хэлэлцэх ёстой. Жишээ нь, Сэлэнгэ дэх Төмөртэй орд байна. Бусдаар хаа байгаа Цагаан суваргын ордыг хэлэлцэх нь эрт. Гэхдээ ийм ордуудыг стратегийн ач холбогдол бүхий гэдэгт оруулах нь зүйтэй.
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан:
-Бид Монгол орны газар нутаг, байгалийн баялаг нь бүгд стратегийн байх нь зайлшгүй гэж үзэж байгаа. Тиймээс стратегийн орд тодорхой тоогоор хязгаарлагдах учиргүй. Стратегийн гэдгийг төрийн түшээд дээшээ хараад сууж байгаад тодорхойлчихдоггүй юм. Ард түмний санал асуулгаар асууж, мэргэжлийн хүмүүсээр тогтоолгох ёстой. Гол нь улс төржүүлж болохгүй. Сая Хөдөө аралын нүүрсний лиценз дээр улс төржих хандлага гарсан. Ингэж болохгүй. Газар нутаг, баялаг, түүх талаас нь авч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол саяхан "Монголын нууц товчоо"-н дээр гардаг түүхэн газар, дэлхийд ганц, ховор Аварга тосны рашаанаа гадныханд өгчих шахаж байна шүү дээ. Урагшаа, хойшоо алт, зэс, нүүрс зэрэг стратегийн чухал түүхий эд гараад байх юм. Үүнийг гаргаад байгаа хил, гаалийнхныг хянаж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна.
МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн М.Аззаяа:
-Стратегийн орд 50-иар тогтохгүй. Монгол Улсад хэвлийдээ баялаггүй сөөм газар ч стратегийн ач холбогдолтой гэж тооцогдож байж улс орны халдашгүй дархан эрх хангагдана. Тэгээд манайд баялаггүй сөөм газар гэж бараг байхгүй бололтой. Чухал чухал ордуудын лиценз одоогийн Ерөнхийлегч Ерөнхий сайд байх үе МАХН засгийн эрх барих үед олгогдсон. Одоо ч тэр манай төрийн түшээдийн эх оронч сэтгэл, ард түмнээ хайрлах, эх орноо хамгаалах санаа бодол, эдгээрийг тэргүүнд тавих ухамсар сул байгаа цагт ашигт малтмалын орд газрын талаар тэд холыг харсан, зөв байр суурьтай шийдвэр гаргана гэдэгт сонгогчид итгэхгүй байна. Бид энэ талаар өөрийн холбооны салбараар дамжуулан иргэдээс санал авч байгаа.
МАХН дахь шинэчлэгч бүлгийн нэг "Шинэ эргэлт" хөдөлгөөний тэргүүн Ч.Жаргалсайхан:
-Стратегийн ордыг улсын мэдэлд авах нь чухал. Тэдгээрийн тодорхой хувийг төр аваад олон түмэнд хүртээх ёстой. Хүртээхдээ аль ашигтай хувилбараар олгох нь чухал. Жишээ нь, өнөөдөр манай төрд төрийн боловсон хүчинг бэлтгэх зайлшгүй шаардлага бий. Энэ үүднээс төрийн ажилтнуудыг бэлтгэх Төрийн сан байгуулж болно. Эсвэл оношлогоо, эмчилгээний ганц том төв байгуулах гэх мэтээр оновчтой хэлбэрээр олны хүртээл болгох нь зүйтэй байх. Гадаадын хөрөнгө оруулалт манайд чухал боловч төр тэнцвэртэй хэлбэрээр эзэмших нь улс орны аюулгүй байдал, тусгаар тоггнолд хэрэгтэй.