УИХ Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц үзэв (2007.02.27)

A- A A+
УИХ Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц үзэв (2007.02.27)

УИХ Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц үзэв (2007.02.27)

Цэц Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд УИХ-ын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд УИХ Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлт гаргажээ.Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан үндэслэл, дүгнэлтийг “АЭ” сонинд /¹38/ бүрэн эхээр нь нийтэлснийг толилуулж байна.

Үндэслэл:
Нэг. Монгол Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ-ын зарим гишүүдийн гаргасан саналын дагуу гишүүдээр жагсаалт гаргуулж УИХ-ын сонгуулийн тойрог бүрт 250 сая" төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагч болон Шадар сайдын багцад тараан байршуулж, хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар баталсан болох нь УИХ-ын намрын ээлжит чуулганы 2006 оны аравдугаар сарын 26, 27, арваннэгдүгээр сарын 21, 26, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан, УИХ-ын 2006 оны намрын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны 2006 оны арваннэгдүгээр сарын 20, 29-ний өдрийн хуралдаан, УИХ дахь МАХН-ын бүлгийн 2006 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 186 дугаар тэмдэглэлүүд, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Р.Будын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалтын саналыг жагсаалт зэргээс тодорхой хараг-даж байна. Тухайлбал:

1 .УИХ дахь МАХН-ын бүлгийн 2006 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл
Уг хуралдаан дээр УИХ-ын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Очирхүү хэлэхдээ "...Орон нутагт өгч байгаа 500 саяа больё гэсэн. Сумдад 10 сая өгдгөө хэвээр нь байлгая. Харин 500 саяа Улаанбаатар хотын 20 гишүүнээ нэмээд 76 гишүүнээ бүгдийг нь оруулаад 250, 250 саяар тойрог болгонд өгье... Гэхдээ томъёоллын хувьд юу гэсэн бэ гэхээр түрүүн бид нар 100 сая дээр хориг авч байсан, шүүмжлэлд өртөж байсан учраас ерөөсөө бүс нутгийн хөгжлийн асуудалд зориулсан Шадар сайд дээр хийчихээд гишүүдтэйгээ зөвлөөд явдгаар ийм зохицуулалт хийе гэснийг манай гишүүд онцгой анхаарчих хэрэгтэй. Бид нар хоригт ороод эвгүй байдалд орчих вий гэж ингэж бодож байна... Ерөөсөө гишүүдэд, 76 хүнд 250 сая 250 саяар бодоод, тэгээд тойргийнхоо тоогоор очно биз. Тэр 250 саяынхаа хүрээнд тохиръё гэсэн ийм л зүйл ярьсан..." гэжээ.

Мөн хуралдаан дээр Сангийн сайд Н.Баяртсайхан хэлэхдээ "...2006 оны төсвийн чөлөөт үлдэгдэл 100 тэрбум төгрөгийг УИХ-аас гарч ажилласан хоёр ажлын хэсгийн санал болгож байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх нь зүйтэй гэж ярьсан... Байнгын хороод дээр яригдсан саналуудыг нэг бүрчлэн шүүж үзлээ. Ерөнхийдөө УИХ-ын гишүүдэд 250, 250 сая төгрөгөөр тооцож Шадар сайдын төсвийн багцад 19 тэрбум төгрөгийг суулгая гэж шийдсэн учраас бид аймаг руу хандсан, тусгай тойрог руу хандсан саналуудыг 250-д нь багтаах чиглэлээр ажиллахаас өөр ямар ч арга байхгүй... Орон нутгийн хөгжлийг дэмжихэд 10 тэрбум төгрөг байгаа, 76 гишүүнээрээ бодохоор 19 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа. Тийм учраас нэмж 9 тэрбумыг... суулгалаа..." гэсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан "...Нийт саналуудыг нь шүүгээд үзсэн чинь 70, 80 хувь нь дандаа тойрог руу хандсан ийм саналууд байсан. Бид тэрийг шүүж үзээд Их Хурлын гишүүн болгонд 250, 250 саяыг өгье. Ер нь тэгээд тойрог руу хандсан саналуудаа татъя гэсэн зарчим дээр ажлын хэсэг дээр ярьсан..." гэжээ.
Мөн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, МАХН-ын бүлгийн ахлагч Д. Идэвхтэн".. Тэгэхээр энийгээ нэг гишүүнд дунджаар 250 сая гэж бодоод ингэж нийтэд зарлахгүй, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт гэж нэрлээд... 76 гишүүнд тус бүр 250 сая гэж бодоод 19 тэрбум болж байгаа юм... 9 тэрбум төгрөгөөр орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт нэмэгдэнэ..." гээд санал хураалгаж 100 хувь дэмжигдсэн байна.

2.Монгол Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл.
Уг хуралдаан дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас асуухдаа "...250 сая төгрөгийн тухайд нийгмийн санаа бодол их таагүй байгаа, энийг Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэж байхдаа анхаарч үзсэн үү... Яагаад гэвэл наадах чинь Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж орж ирээд байгаа зүйл шүү дээ... Тэр 250 сая төгрөг чинь төсвийн ерөнхийлөн захирагч нараар дамжилгүйгээр шууд УИХ дээр ороод ирсэн байхгүй юу" гэхэд Ч.Улаан "...хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг хянаж үзээд тэгээд эцсийн шийдвэр гаргахдаа хуульдаа нийцүүлээд эрх захирагч нэг бүрээр нь одоо ингээд заагаад объекттой, төсөлтэй нь батлаад өгчихнө гэж тогтсон юм..." гэсэн

3.УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2006 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэл.
Уг хуралдаан дээр УИХ-ын гишүүн Т.Очирхүү хэлэхдээ "...Гишүүд одоо аймгийнхаа, бүс нутгийнхаа саналуудыг өгсөн. Зөвлөл, бүлгээрээ өгсөн байгаа.
За бусад гишүүд ер нь бүх гишүүд өгчихөж байгаа. Тэгэхээр тэрнийг Шадар сайдын багц дээр өмнөх жилүүдэд бичиж ирсэн. 2006 онд 7.6 тэрбум төгрөг бичээд, тэгээд тэр 7.6 тэрбум төгрөгийг аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нартай яриад гишүүдийн саналыг аваад ингээд зарцуулаад ирсэн... Одоо 19 тэрбум төгрөгийг 2006 он шигээ Шадар сайдын багц дээр бичихгүйгээр вариант дээр оруулж ирж байгаа. Тэр нь ... төсвийн ерөнхийлөн захирагчдын багцууд дээр гишүүдийн саналыг жагсаалтаар нь оруулчихаж байгаа... Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32-ын 2-ын 5 дугаар заалтаар хориг тавьсан юм билээ, ноднин. Яг тэр заалтын дагуу одоо бол болж байгаа..." гэжээ. "...Хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж өгөөгүй гишүүд хэчнээн байгаа бол" гэсэн Ж.Батхуяг гишүүний асуултад Т.Очирхүү "...гадаадад явж байгаа, томилолттой байгаа 7, 8 хүн байсан. Одоо тэрнээс 2, 3 хүн нь өөрсдөө утсаар саналаа өгчихөөд байгаа. 5, 6 хүн л үлдээд байгаа юм шиг байна... Тэд нарын багцыг /250 сая төгрөгийг/ аймгаар нь... шадар сайдын багц дээр хийчихээд 2006 ондоо 7.6 тэрбумаа ашигласан тэрүүгээрээ явчихъя л гэсэн тийм санаа л оруулж ирж байгаа..." гэжээ.

Мөн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хэлэхдээ "...250 саяыг тойрсон асуудлууд яригдаад ажлын хэсэг төсвийн эрх захирагчдад нь төсөв рүү хийж өгье гэж танилцууллаа шүү дээ... Төсвийн 4 дүгээр хэлэлцүүлгийн явцад төсвийг эрх захирагч нэг бүрээр баталдаг. Тэгэхээр тэр төсөв дотор нь одоо эрх захирагч болгоңд суулгаж өгнө.... Дөрөвдүгээр хэлэлцүүлгийн өмнө хэн хэний төсөв дээр хэчнээн юм яаж тусав гэдгийг бид нар сонсоод дөрөвдүгээр хэлэлцүүлэгч орох бололцоотой..." гэсэн байна.
4.2007 онд Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын талаар гаргасан зарим гишүүдийн санал, жагсаалт.

Үндсэн хуулийн цэцээс шаардсаны дагуу УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ц.Жаргал, С.Оюун, М.Зоригт нар УИХ-ын Төсвийн байнгын хороонд гаргасан хөрөнгө оруулалтын санал, жагсаалтаа ирүүлсэн ба МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөл гишүүдийнхээ гаргасан санал, жагсаалтыг удаа дараа шаардсаар байхад Үндсэн хуулийн цэцэд ирүүлээгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Дээрх нэр бүхий гишүүдийн гаргасан санал, хөрөнгө оруулалтын жагсаалт нь Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн нэгдүгээр хавсралтын XҮII.1.39, XҮI.1.1.72, XҮIII.1.16, XҮI.2.3.9, XҮI.1.1.76, IX.2.7, XXIII.1.42, XҮI.1.2.51, XҮI.1.2.5, XҮI.2.1.15, XҮI.1.2.6, XҮII.4.6, XXIII.1.42, XҮI.1.2.7, IX.2.8, XҮI.2.1.8, X.1.3.2, XXIII.1.18, IX.1.5, XҮI.2.1.218 XҮI.1.2.1.8-д бүрэн тусгагдсан, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн даргын 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 26 тоот албан бичигт "...УИХ-ын гишүүд нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөвт дээр дурдагдсан хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын холбогдох байнгын хороогоор дамжуулан асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна..." гэсэн зэргээс харахад санал, жагсаалт өгсөн бусад гишүүдийн хөрөнгө оруулалтын санал ч дээрх жагсаалтад, санал өгөөгүй цөөн гишүүдэд хуваарилагдсан 250 сая төгрөг нь Шадар сайдын багцад нийт дүнгээрээ 750 сая төгрөг гэж тусгагдсан гэх үндэстэй байна.

Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т зааснаар "...21...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх, ...бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар "...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэсэн улсын төсвийн төслийг боловсруулах..." бүрэн эрхтэй юм.
Монгол Улсын Засгийн газраас 2006 оны аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2007 оны төсвийн төсөлд УИХ-ын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөгдөөгүй байхад УИХ уг асуудлыг хэлэлцэх явцдаа Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд халдаж төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2007 оны төсвийн багцыг сонгуулийн тойрог харгалзан нэмэгдүүлж, УИХ-ын гишүүдийн саналыг хөрөнгө оруулалтын жагсаалтаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тараан байрлуулан баталсан байх ба ингэхдээ ижил төрлийн хөрөнгө оруулалтын объектод санхүүжилтийн дүнг өөр өөрөөр тусгасан, нэг үйл ажиллагааны санхүүжилтийг хоёр дахин давхардуулан тусгасан, төрийн санхүүгийн бодлогын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй асуудлыг төсвийн хуулийн хавсралтаар баталсан зэргээс үзэхэд УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг механикаар төсөвт суулгасан болох нь Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 11-р зүйлийн нэгдүгээр хавсралтын IX. 1.10, IX. 1.11, IX. 1.28, IX.1.4, IX.1.24, XҮI.2.1.15, XXҮIII. 1.16 зэргээр тогтоогдож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-ийн 2/, 70 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

...Монгол Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл.
Уг хуралдаан дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ "...их ноцтой асуудал яваа шүү дээ... Энэ чинь яг үнэндээ Т.Очирхүү гишүүний хэлж байгаагаар бол энд сууж байгаа 76 гишүүний тойрог дээр хөрөнгө оруулалт хийх, цаад утгаараа бол 2008 оны сонгуульд хийж байгаа хөрөнгө оруулалт байгаа байхгүй юу. Улс төрийн хөрөнгө оруулалт шүү дээ... Энэний цаана чинь... ардчилсан сонгууль, чөлөөт ардчилсан сонгууль гэдэг чинь устаж байгаа гэдгийг бид нар мэдэж байгаа шүү дээ. Одоо удахгүй 500 сая болно. Удахгүй 1 тэрбум болно... Одоо жишээ нь надтай 2008 онд хэн үзэлцэх юм..." гэжээ.
Мөн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Батбаяр хэлэхдээ "...хамгийн гол зарчим нь бол их олон хууль, их олон зарчим алдагдаж байгаа юм л даа... их олон хуульд нөгөө нэг сонгуульд нэр дэвшигчид бол эрх тэгш, нэг гараанаас ижил хэмжээтэйгээр өрсөлдөнө гэсэн зарчим маань алдагдахад хүрнэ гэж би үзэж байгаа юм... Хоёрдугаарт, ...одоо гадуур та нар өнөөдрийн сонин хэвлэлийг үзсэн байх... Өөрсдөдөө зориулж мөнгө баталж авдаг УИХ гээд шуугиад байна шүү дээ. ...Энэ арай дэндүү байгаа байхгүй юу. Хичнээн тайлбарлаад ч энэ чинь ямар ч тайлбар хэрэггүй ээ гэдгийг хэлмээр байна..." гэсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: "Тэгэхээр 250 сая төгрөгийн саналыг бол Ард түмний нам дэмжихгүй байгаа. ...Яагаад 250 саяыг бид эсэргүүцээд байгаа юм бэ гэхээр энэ бол ерөөсөө... Их Хурлын гишүүдэд өгч байгаа хахууль шүү дээ...
...Улсын Их Хурлын гишүүд гэдэг чинь хөрөнгө мөнгийг төсөвлөж баталдаг хүмүүс болохоос биш энэнийг зарцуулдаг этгээд биш ээ. Их Хурлын гишүүд өнөөдөр тойрог дээрээ очоод тэр 250 сая төгрөгийг нааш нь цааш нь хийснээрээ ажил хийсэн болохгүй ээ. Их Хурлын гишүүн ард түмэнтэйгээ уулзаж ярьж тэдний санаа сэтгэлийг ойлгож тэдний хэрэгтэй тэр хуулийн төслийг эрх зүйн орчинг нь бүрдүүлж Монгол Улсын парламентад батлуулахыг л ажлаа хийсэн гэдэг юм. Засгийн газраа хянаж ажиллахыг ажлаа хийсэн гэдэг юм. ... Тийм учраас УИХ-ын гишүүд та нар энэ зүйл дээрээ татгалзмаар байна..." гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д: "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан.

Гэтэл УИХ-ын гишүүд зөвхөн өөрийн сонгогдсон УИХ-ын сонгуулийн тойргийн явцуу эрх ашгийн үүднээс сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх жагсаалт гарган хөрөнгө оруулалтын санхүүжилтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчмаар бус, УИХ-ын сонгуулийн тойргийн зарчмаар хуваарилан тэгшитгэж, түүнийгээ халхавчлан төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад суулган, хуульчлан баталсан, ингэснээрээ УИХ-ын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдэд тэгш бусаар өрсөлдөх нөхцөлийг бий болгосон, төвсийн ерөнхийлөн захирагч нар УИХ-ын гишүүний саналыг харгалзан тэдэнтэй зөвшилцөж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийхээр болсон, мөн "Монгол Улсын 2007 оны төсвийн тухай Монгол улсын хуулинд УИХ-ын 76 гишүүний тойрог тус бүрт 250.0 сая төгрөгөөр тооцож нийт 19.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлан шатанд, энэ талаар хуулиар тогтоосон журмыг УИХ хэрэгжүүлээгүй зэрэг нь Монгол Улсын , Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 23-р зүйлийн 1, 38-р зүйлийн 2-ын 2/, 58-р зүйлийн 1, 62-р 1, 2 дахь хэегийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

УИХ-ын гишүүдийн зөвхөн хувь хувийн бодлоор хөрөнгө оруу¬лалтын санал өгөгдсөн тул ижил объектуудыг барихад зарцуулах зардлын хооронд ялгаа их гарч шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдөхөд хүрсэн байна. Үүнийг зөвхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргн багц дээрх жишээгээр авч үзэхэд тухайлбал, багийн Засаг даргын конторын барилгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт барихад 20.0 сая, Сэлэнгэ аймгийн Шаамарт барихад 50.0 сая, Төв аймгийн Бүрэн суманд барихад 70.0 сая төгрөг төсөвлөгдсөн байна.
Мөн сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг Өвөрхангай аймгийн Уянга суманд барихад 250.0 сая, Сүхбаатар аймгийн Уул-баян суманд барихад 25.0 сая төгрөг зарцуулах зэргээр төсөвт тусгагджээ.
Аймаг, нийслэлийн Засаг даргын багцад зарим гишүүд сонгогчдынхоо /иргэдийн/ хувьчлагдсан орон сууцны байрны засварыг төсвийн хөрөнгөөр засуулахаар төсөвлөсөн байна. Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт.

Мөн зарим сайдын эрхлэх ажлын хүрээнд үл хамаарах ажлыг УИХ-ын гишүүдийн саналаар хүчээр байршуулсан байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад Булган, Чойбалсан, Өвөрхангай, Арвайхээрийн гэрэлтүүлэг, Ховд, Жаргалантын гэр хорооллын автобусны зогсоол зэрэг асуудлууд тусгагдсан нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээнд халдсан шинжийг тус тус агуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66-р зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31-р зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол

Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь:
1,Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулиар УИХ-ын гишүүдийн тус тусын тойрогтоо хөрөнгө оруулахаар гаргасан санал, жагсаалтыг үндэслэн УИХ-ын сонгуулийн тойргийн журмаар тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт туссан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1-p зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зэрчим мөн", 23-р зүйлийн 1 дэх хэсгийн "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална", мөн Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах Үндсэн хуулийн 38-р зүйлийн 2 дахь хэсгийн 2/-ын "...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх", 58-р зүйлийн 1 дахь хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн", 62-р зүйлийн 1 дахь хэсгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутагдэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно", 70-р зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн дээр дурдсан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 2007 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
3.Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд байршуулсан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

4.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай.

Хуралдаан даргалагч: Н.ЖАНЦАН
Гишүүд: П.ОЧИРБАТ, Ж.АМАРСАНАА, Ч.ДАШНЯМ, Д.НАРАНЧИМЭГ