Ашигт малтмалын экспортын талаар хэлэлцжээ (2007.03.01)

A- A A+
Ашигт малтмалын экспортын талаар хэлэлцжээ (2007.03.01)

Ашигт малтмалын экспортын талаар хэлэлцжээ (2007.03.01)

Засгийн газар 2007 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаараа ашигт малтмалын экспортын талаар хэлэлцсэн байна. Ашигт малтмал экспортолж байгаа аж ахуйн нэгжүүд янз бүрийн үнээр гаргадаг бөгөөд алт, зэс, молибденээс бусад төрлийн ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн дундаж үнээс доогуур борлуулж байгаа аж. Энэ нь Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд гишүүн орнуудын өмнө бүтээгдэхүүн, эрдэс, түүхий эдийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах,  зах зээлийн үнээс хэт доогуур үнээр борлуулахгүй байх үүргийг зөрчиж байгаа ажээ. Тухайлбал, ФК-75 маркийн бүхэллэг нэг тонн хайлуур жоншны дэлхийн зах зээлийн дундаж үнэ 95-150 ам. доллар байхад манай экспортлогч компаниуд 35-70 ам. доллар, ФК-92 маркийн нэг тонн хайлуур жоншны баяжмалын дэлхийн зах зээлийн үнэ 235 ам.доллар байгаа бол манай экспортлогчид 125-188 доллараар худалдаалж байна. Мөн 64 хувийн агуулгатай нэг  тонн төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ 40.3 доллар байхад манайх 26.7-36.4 доллар, эрчим хүчний болон коксжих нүүрсний үнэ дунджаар 30-45 доллар байхад манай улс 15-35 доллараар тус тус худалдаалдаг байна.

Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д зааснаар, экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газраас тогтоол гаргахаар болсон гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

Улсын мэргэжлийн хяналтын газарт Гаалийн ерөнхий газраас 2006 оны эхний 10 сарын байдлаар ирүүлсэн мэдээнд 112 аж ахуйн нэгж, дөрвөн иргэн алт, нүүрс, хайлуур жонш, вольфрам, цагаан тугалга, төмөр, цайр, зэс, молибден, жамц давс зэрэг ашигт малтмалыг дэлхийн 10 гаруй оронд экспортолсон байна.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээнд дурдснаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс ашигт малтмалыг экспортод гарган худалдах явдал нэлээд байгаа аж. Тухайлбал, “Итомак сервис” ХХК, “Цахир хангай” ХХК, “Дэлгэрхаан интернэшнл” ХХК, “Авалон” ХХК, “Мо Ха нүүрс” ХХК, “Еврейжа инвест” ХХК, “Фломон” ХХК, “Тянхуа” ХХК зэрэг 30 аж ахуйн нэгжүүд гар аргаар ашигт малтмал олборлогчдоос болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс худалдан авч экспортод гаргаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөггүй байна.