2008 оны сонгуулийг шударга явуулахад дэмжлэг үзүүлнэ (2007.03.09)
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр Сонгуулийн ерөнхий хороотой хамтран "Монгол Улсын Сонгуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь" төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр болжээ. Сонгуулийн үйл ажиллагаа нь ядуурлыг бууруулах, хүний хөгжил, мянганы хөгжлийн зорилт зэрэг томоохон зорилтуудтай иргэдийг холбох чухал гүүр болдог тул НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр / НҮБХХ/ нийгэмд ардчиллын зарчмыг тууштай мөрдүүлэхэд туслах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон хэмээн төслийн танилцуулгад дурджээ.
Сонгуулийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, сонгуулийг ил тод, шударга явуулах, иргэд төлөөлөгчдөө чөлөөтэй сонгох, улстөрийн амлалт, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээлгэх боломж олгох чиглэлээр НҮБХХ улс орнуудад богино болон урт хугацааны тусламжийг үзүүлсээр иржээ. Эдгээрийн нэг болох уг төсөл нь бүх төвшинд чөлөөт, шударга, ил тод сонгууль явуулахад шаардлагатай эрх зүйн хүрээг боловсронгуй болгох, ардчиллын эрх үүргийн талаар сонгогчдын болон иргэний боловсролыг нэмэгдүүлэх, нэр дэвшигч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улстөрийн хараат бус, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах чиглэлээр сонгуулийн төв байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Төслийг 2007 оны гуравдугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм байна.
Уг төслийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга “Өдрийн сонин”-д /¹054/ ярихдаа, сонгуулийн төв байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд НҮБ-аас дэмжиж тусалж байгаа нь СЕХ-г аливаа нэг улстөрийн намын дарамтаас хамгаалж байгаа хэрэг юм хэмээн мэдэгджээ. СЕХ бол төсвийн байгууллага бөгөөд төсөв хөрөнгөөр дутагддаг бэрхшээлээс гарахад энэ төсөл ихээхэн нэмэр хандив болно хэмээн тэрбээр үзэж байна.
Түүний хэлснээс үзвэл сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд олон журам гаргах хэрэгтэй байгаа бөгөөд үүнд шаардагдах санхүүжилтийг төслөөс гаргахаар болжээ. Товчхондоо хэлбэл энэ төслийн гол зорилт нь 2008 оны сонгуулийг шударга, ил тод, нээлттэй, ардчилсан явуулахад анхаарч байгаа аж. Төсөлд тусгагдсан нэг зорилго бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал хэмээн СЕХ-ны дарга ярьжээ.