УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав (2006.03.13)

A- A A+
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав  (2006.03.13)

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав  (2006.03.13)

Хадгаламжийн банкнаас 14,2 тэрбум төгрөг зувчуулсан гэмт хэрэг гарсантай холбогдуулан Ардчилсан нам өчигдөр  хоёр албан мэдэгдэл хийлээ. Нэгийг УИХ-ын дарга Ц.Нямдоржид хүргүүлсэн бол нөгөөг Улсын прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад явуулсан байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг даруй зарлан хуралдуулахыг шаардсан бичгийг УИХ-ын дарга Ц.Нямдоржид хүргүүлжээ. Улстөрийн дэмжлэгтэй бүлэглэлүүд Хадгаламжийн банкнаас төрийн мэдэлд байх үед нь 14.2 тэрбум төгрөг луйвардсан хэрэг гарсан явдалд Монголбанк алдаагаа засч залруулахын оронд харин ч улстөрийн шинжтэй мэдэгдэл хийн хямралыг илэрхий улстөржүүлж, хариуцлагаас мултрахыг хичээж байна гэж  Ардчилсан нам үзжээ.  Монголбанкнаас Хадгаламжийн банкинд эрх залгамжлагч яаралтай томилон хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, улмаар банкны үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай. Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, банк хоорондын гүйлгээнээс их хэмжээний мөнгө алдагдахад хүргэсэн Монголбанкны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн  Ардчилсан нам үзэж байна.  Иймд үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан банкны асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах зүйтэй хэмээн тус нам мэдэгджээ.

Түүнчлэн мөн өдөр Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг, Цагдаагийн ерөнхий газрын дарга М.Ганболд нарт  хандан албан бичиг илгээжээ.  Төрийн мэдлийн банкинд иргэдийн хадгалуулсан мөнгөнөөс 14,2 тэрбум төгрөгийг МАХН-ын дэргэдэх  Ардчилсан социалист холбооны удирдлагад багтдаг бүлэг этгээд шамшигдуулсан хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлснийг лавшруулан уг сурвалжаар нь уудлан илрүүлэхийг Ардчилсан нам тэднээс шаардаад шаардлагатай тохиолдолд тэднийг улстөрийн хамгаалалтад авахаа илэрхийлжээ. Гэмт хэргийг илчлэн тогтоох явцад Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газрын хууль ёсны  үйл ажиллагаанд улстөрөөс хамааралтай аливаа саад тотгор учруулах аваас түүнийг таслан зогсоохын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж Ардчилсан нам мэдэгджээ.