Таван толгойн нүүрсний ордыг төрийн мэдэлд хэвээр үлдээнэ

A- A A+
Таван толгойн нүүрсний ордыг төрийн мэдэлд хэвээр үлдээнэ

Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг өгч Таван толгойн нүүрсний орд, Оюутолгойн зэс, алтны ордыг хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах гэрээ байгуулах ажлын хэсгийг томилоод нэг жил өнгөрч буй энэ хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан билээ. Харин Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг түргэвчлэхээр Ерөнхий сайд Таван толгой төслийн Ажлын хэсгийн танилцуулгыг өчигдөр сонссон байна.

Таван толгойн ордыг ашиглах төслийг боловсруулах хүрээнд дараах чиглэлээр  Засгийн газарт асуудлыг яаралтай оруулж хэлэлцүүлэхийг  Ерөнхий сайд чухалчилсан байна. Үүнд:

  • Таван толгойн нүүрсний ордын эзэмшлийг төрийн мэдлийн компанид зуун хувь эзэмшүүлэхийг хэвээр үлдээх ,
  • Олон улсад нэр хүндтэй, тэргүүний техник технологитой, санхүүгийн чадавх бүхий уул уурхайн мэргэжлийн оператор-компанитай орд ашиглах олборлолтын гэрээ байгуулах,
  • Төмөр замын бодлогын асуудлыг Засгийн газраар хэлэлцсний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэр гаргуулах,
  • Таван толгой ордыг ашиглах төслийн хүрээнд нүүрсийг угааж-баяжуулах, кокс, химийн болон ган, төмөрлөгийн үйлдвэр байгуулах зэрэг нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг иж бүрэн судалж хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тул уг асуудлыг Засгийн газраар ойрын хугацаанд хэлэлцэх үед холбогдох Сайд нарт тодорхой үүрэг даалгавар өгөх ,
  • Таван толгой ордоос гарах бүтээгдэхүүнийг найдвартай тээвэрлэх дамжин өнгөрөх нөхцөлийн талаар яриа хэлэлцээ хийх, боомт ашиглах нөхцөлийг хөрш орнуудтай тохирохыг холбогдох Сайд нарт үүрэг болгон өгөх,
  • Төсөлд шалгарах хөрөнгө оруулагчдаас авах урьдчилгаа төлбөрийн хэмжээ Оюутолгой төслийнхөөс дутахгүй хэмжээнд байх, түүнийг хүний хөгжлийн санд төвлөрүүлэх,
  • Таван толгой ордыг эдийн засгийн эргэлтэд ажлыг шуурхайлж, сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах ажлыг 2010 оны эхний хагас багтаан дуусгах зэрэг ажлыг үүрэг болгосон байна.