Ц.Нямдорж УИХ-ыг даргалах ёс суртахууны эрхгүй гэж Ардчилсан нам мэдэгдэв (2007.04.03)
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл УИХ-ын дарга Ц.Нямдоржид өчигдөр шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад дурдахдаа, УИХ-ын дарга Ц.Нямдорж Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд засвар хийж Үндсэн хуулийг зөрчсен талаар нэр бүхий иргэдээс гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл УИХ-ын даргад дараахь шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,
Нэгдүгээрт, таны хийсэн үйлдлийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн тул Таныг УИХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдан зохион байгуулах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, хуульд засвар хийсэн гэж Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасантай холбогдуулан Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль, шийдвэрийн үйлчилгээг түдгэлзүүлж, зохих хууль, тогтоомжийн дагуу дахин хэлэлцэж батлах шаардлагатай.
Гуравдугаарт, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Хадгаламж зээлийн хоршоодын талаар гаргасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг оруулж чуулганы эхний асуудал болгон яаралтай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргахыг шаардаж байна гэжээ.
Мөн өдөр УИХ дахь МАХН-ын бүлэг хуралджээ. Хурлаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ц.Нямдоржид хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцсэн байна. Өдөр тутмын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар МАХН-ын бүлэг энэ шаардлагыг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн бололтой.