Гэнэтийн ашгийн татвар Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн Цэц үзлээ (2007.04.19)
Алт олборлодог компаниуд гэнэтийн ашигийн татвар хураалгаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Баянгол дүүргийн иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасныг хянан шийдвэрлэх хуралдаан өчигдөр болжээ. Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням нар оролцсон байна. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Г.Занданшатар нар оролцжээ.
Иргэн Б.Баяраа Цэцэд хандан маргаан үүсгэхдээ "Алт борлуулсан орлогоос 500 ам.доллар хасаад үлдсэнд нь 68 хувийн татвар ногдуулахын зэрэгцээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг давхар төлүүлж байгаа болон татварын хэмжээг тогтоох эрхтэй байгууллагаар Монголбанкийг томилсон зэрэг нь Үндсэн хуулийн "Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг зөрчиж байна хэмээн үзэж гомдол гаргажээ. Татварыг зөвхөн татварын байгууллага л хураах ёстой. Мөн татварын хэмжээг УИХ тогтоох ёстой зэрэг хуулийн заалт зөрчигджээ хэмээн иргэн Б.Баяраа үзсэн байна. Нэгэнт татвар тогтоох орлогын хэмжээг хуульчлаагүй тул Монголбанк өөрийн үзэмжээр үнэ тогтоон татвар нэхэх болно хэмээн тэрбээр үзжээ.
Харин энэ талаар УИХ-аас гаргасан тайлбарт дурдахдаа "Татвар гэдэг нь хуулиар ногдуулсан албан татварыг хэлнэ. Дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан алтны үнээс 500 ам.доллар хасч илүү гарсанд нь 68 хувийн татвар ногдуулна. Дэлхийн зах зээлийн үнийг харгалзана гэдэг нь алт арилжаалдаг хэд хэдэн биржийн үнийн дүнг харьцуулан гаргасан үнийг хэлнэ. Энэ нь нэг биржийн үнээр татвар ногдуулахгүй гэсэн үг юм. Гэнэтийн ашгийн татвар нь газрын баялгаас олсон орлогыг ард түмэнд тэнцүү хуваах гэсэн шийдэл юм” гэжээ. Түүнчлэн татвар давхардуулан ногдуулсан юм байхгүй. Алтны компаниуд нь нэг унц алтны үнэ 200 ам.доллар байхад ч ашигтай ажиллаж байсан. Түүнээсээ бүх татвараа төлөөд ашиг гардаг. Түүнчлэн 500 ам.доллараас доош үлдсэн мөнгөндөө хуучин журмаар татвар төлдөг хэмээн тайлбарлажээ.
Үндсэн хуулийн Цэц хоёр талд асуулт тавьж хариулт авсныхаа дараа дүгнэлтээ гаргажээ. Цэцийн дүгнэлтээр Гэнэтийн ашгийн татварын тухай хууль нь Үндсэн хууль зөрчөөгүй байна. Харин нөөц ашигласаны төлбөр болон үнийн өсөлтийн албан татварыг давхардуулан ногдуулж байгаа зөрчлийгУИХ, Засгийн газар арилгах шаардлагатай гэж үзжээ.