Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор өргөн мэдүүлжээ (2007.04.27)
Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өчигдөр УИX-ын дарга Ц.Нямдоржид өргөн мэдүүлсэн байна. Сайд Б.Эрдэнбатыг огцруулах шаардлагад УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Л.Гансүх, Иргэний Зориг намыг төлөөлж УИХ-ын гишүүн М.Зоригт нар гарын үсэг зурсан бөгөөд түүнийг дараахь үндэслэлээр огцруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Үүнд
Нэгд, УИХ-аас "Зуун мянган нарны гэр" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2006 оны төсөвт 50.000, 2007 оны төсөвт баталсан 75.000 малчин өрхөд нарны иж бүрдэл зайг нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг баталж өгсөн хэдий ч 2006 онд багтаан 50.000 өрхөд нарны иж бүрдэл зайг нийлүүлэх ажлыг тасалдуулсан байна. Энэ нь УИХ-аас баталсан Монгол Улсын төсвийн тухай хуулийг ноцтой зөрчин малчдын эрх ашгийг хохироосон байна.
Хоёрт, Ерөнхий сайд М.Энхболд 2007 дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын чуулган дээр хийсэн мэдээлэлдээ "Солонгосын компани нарны 4000 орчим гэрлийг бэлэн болгосон. Эхний ээлжинд ачуулах бэлтгэл хангагдаж байна" гэж мэдэгдсэн атал хэдхэн хоногийн дараа дээрх тендерийг хүчингүй болгосон нь Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаа төдийгүй УИХ-ын гишүүд болон малчдыг хууран мэхэлсэн ноцтой үйлдэл гэж үзэж байна.
Гуравт, Улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хийгдэх эрчим хүчний төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.
Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийг нь үндэслэн Үндсэн хуулийн 25.1.6, УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг албан тушаалаас нь огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Ц.Нямдоржид барьжээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл уг тогтоолын төслийг өргөн барихаасаа өмнө ажлын хэсэг байгуулан Түлш эрчим хүчний яамны гүйцэтгэж байгаа дээрх ажлуудад шалгалт хийсэн байна.