Үндсэн хуулийн Цэцийн хэвийн ажиллагаа алдагдахад хүрч байна (2007.04.30)

A- A A+
Үндсэн хуулийн Цэцийн хэвийн ажиллагаа алдагдахад хүрч байна (2007.04.30)

Үндсэн хуулийн Цэцийн хэвийн ажиллагаа алдагдахад хүрч байна (2007.04.30)

Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагаанаас хамаарч Үндсэн хуулийн Цэцийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч байгаа талаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж УИХ-ын дарга Ц.Нямдоржид хандан албан шаардлага өгсөн байна.

Уг албан шаардлагад дурдснаар бол УИХ-ын даргын Үндсэн хууль зөрчиж засвар хийсэн гэх хуулиудын хувийн хэрэг дэх бичиг, баримтын хуулбарыг УИХ-ын Тамгын газраас 2007 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 4/118, мөн сарын 24-ний өдрийн 4/123 дугаар албан бичгзэр тус тус шаардсан боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй ажээ. Түүнчлэн Цэцийн Тамгын газрын дарга, ажилтнууд ч УИХ-ын тамгын газрын дарга Н.Лувсанжавт удаа дараа биечлэн хүсэлт тавьсан боловч үл ойлгогдох шалтгаанаар холбогдох бичиг баримтын хуулбарыг өгөөгүй аж.  Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 2007 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 3/121 дүгээр албан бичгээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа асуудалтай холбогдуулан маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичиг баримт, нотлох баримт, тайлбараа гаргаж ирүүлэхийг УИХ-ын дарга Ц.Нямдоржид албан ёсоор мэдэгдсэн ажээ.  Тэрчлэн Үндсэн хуулийн Цэцийн дарга УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 1/127 дугаар албан бичгээр мөн л дээрх баримт материалыг шаардсан боловч одоо хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж албан бичигтээ дурдахдаа,
 “2007 оны Төсвийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх явцад УИХ-ын гишүүдээс гаргасан тойрогтоо хийх 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санал, жагсаалтыг гаргуулахаар Үндсэн хуулийн Цэцээс 2006 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн УИХ-ын Тамгын газрын даргад хандаж дөрвөн удаа, УИХ  дахь намын бүлэг, зөвлөлд тус бүрд нь хандсан боловч нэр бүхий зарим гишүүний санал, жагсаалтыг эс тооцвол бусад гишүүдийн саналыг гаргаж өгөөгүй болно. Мөн УИХ-ын дарга Ашигт малтмалын болон Авлигын эсрэг хуульд засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн 2007 оны гуравдугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж холбогдох зөрчлийг арилгахаар шийдвэрлэсэн хэрнээ өнөөг хүртэл нэг ч алхам хийхгүй байгаагаас шалтгаалан дээрх хуулиудын холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хоёр хуралдаан хийх боломжгүй нөхцөл байдал үүсч одоогоор хүлээлтийн байдалд байна” гэжээ.

УИХ-ын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн жаран дөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн "Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна", Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 4-ийн маргаан үүсгэн шалгаж байгаа Цэцийн гишүүн "маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бичиг баримт, бусад  мэдээллийг  шаардан гаргуулах", мөн зүйлийн тав дахь хэсгийн "Байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн гишүүний шаардсан бичиг баримтыг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй" гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа ажээ.

УИХ-ын даргын хувьд дээр дурдсан шаардлагыг ханган биелүүлэх талаар нэн даруй арга хэмжээ авахыг Цэцийн дарга Ж.Бямбадорж мэдэгдээд энэхүү шаардлагыг УИХ-ын гишүүдэд албан ёсоор танилцуулахыг  УИХ-ын дарга Ц.Нямдоржоос хүссэн байна.