370 тэрбумын тендерийн асуудлыг Авилгатай тэмцэх газраар шалгуулна (2007.05.15)

A- A A+
370 тэрбумын тендерийн асуудлыг Авилгатай тэмцэх газраар шалгуулна (2007.05.15)

370 тэрбумын тендерийн асуудлыг Авилгатай тэмцэх газраар шалгуулна (2007.05.15)

Ардчилсан намын хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр тус намын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүдийн энэ сарын 14-ний өдөр өргөтгөсөн хуралдаан хийж,  цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцсон байна. Хурлаар дараахь шийдвэрийг гаргасан ажээ. Тухайлбал:

1. Малчдыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төсөвлөгдсөн 60 тэрбум төгрөгийн зарцуулалтад шалгалт хийх ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос томилон ажиллуулах нь зүйтэй.
2. УИХ-аас хөрөнгө оруулалтад зориулж баталсан 370 тэрбум төгрөг, түүнтэй холбогдон зарлагдсан тендерийн шалгаруулалт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихыг Авилгатай тэмцэх газарт хүсэлт болгох.
 3. Чингэлтэй дүүрэгт явагдсан нөхөн сонгуулийн будлиан ялангуяа 200 гаруй иргэний нэрсийн жагсаалтыг хуурамчаар үйлдэж, найман саналаар МАХН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан гэх үйлдлийг хууль хяналтын байгууллагаар дахин шалгуулж, цаашид энэ мэт ноцтой хуйвалдаан гаргахгүй байх арга хэмжээ авах.
4. Хэвлэлийн эрх чөлөөнд халдах явдал газар авч байна. Тухайлбал, Мобиком компани хэрэглэгчдийнхээ нэрсийг хүчний байгууллагад гаргаж өгсөн хууль бус үйлдлийн тухай эрэн сурвалжилж, олсон мэдээллээ нийтэлсэнийх нь төлөө "Нийгмийн толь" сониныг, Цайртын" орд газартай холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Ч.Улаан холбогдсон тухай олон нийтийн дунд илт яригдаж буй сэдвээр нийтлэл бичсэн "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Цогнэмэх, эрхлэгч Ганболд нарыг хуулийн байгууллагад шилжүүлсэн эрээ цээргүй үйлдлийг буруушааж, таслан зогсоохыг хатуу шаардах.
5. Усны хагалбар газар болон ойн бүс нутагт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг зогсоох тухай холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт санаачлан оруулах зэрэг ажлыг дэс дараатайгаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.