Оюутолгойн гэрээний төслийг олон нийтэд ил болгоно уу
-Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдод хандсан ил захидал-
Нөөцийг нь Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ч хайгуулын урьдчилсан үнэлгээгээр дэлхийд хосгүй томоохон орд болох нь нэгэнт тогтоогдоод буй Оюутолгойн орд газрыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил эхэлсээр чамгүй удаан хугацаа өнгөрлөө.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Айвенхоу Майнз компанитай гэрээ байгуулах асуудлаар хийж байгаа хэлэлцээний үр дүнд ямар нэг байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйн үүднээс Олборлох салбарын ил тод байдлын төлөө төрийн бус байгууллагуудын эвсэл өнөөг хүртэл байр сууриа албан ёсоор илэрхийлэлгүй, хэлэлцээний үр дүнг тэсвэр тэвчээртэй хэдэн сарын турш хүлээж байгаа билээ.
Энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэн Засгийн газарт өргөн баригдсан юм байна.
Өнгөрсөн онд шинэчлэгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтын дагуу томоохон хөрөнгө оруулалт шаардах дээрх гэрээний төсөл УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Оюутолгойн гэрээний төслийг парламент нэгэнт шүүн авч үзэх учир ямар нэг хэмжээгээр олон нийтэд ил тод болно хэмээн манай эвсэл найдаж Засгийн газрын ажлын хэсгээс гэрээний төслийг ил болгохыг шаардалгүй өнөөг хүрлээ.
Харамсалтай нь УИХ-ын үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр гацаанд орж, хаврын чуулган завсарлах дөхөж байгаа нь монголчуудын хувь заяанд эргэлтийн ач холбогдолтой байж болох дээрх гэрээний төслийг УИХ-аар түргэн түүхий хэлэлцээд шууран батлах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Оюутолгойн гэрээний төслийг нухацтай хэлэлцэж шүүн тунгаах завдал гаралгүй улсын баяр наадмын өмнөхөн ярсхийтэл гар өргөн хөнгөн хуумгай батлах вий гэж манай эвсэлд нэгдсэн төрийн бус байгууллагууд сэрэмжилж байна.
Иймд Монгол Улсын Засгийн газар иргэддээ, олон нийтэд, сонирхогч бүх талд дээрх гэрээний төслийн талаар санал бодол, байр сууриа илэрхийлэх бололцоо олгохын тулд Засгийн газарт өргөн баригдаад байгаа Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг нэн яаралтай төвийн хэвлэлүүдэд нийтлүүлж, интернэтэд байршуулан ил болгохыг Монгол Улсын Ерөнхий сайд, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн дарга Танд манай эвсэл энэхүү ил захидлаар санал болгож байна.
Эрдэнэт, Монголросцветмет, Улаанбаатар төмөр замыг байгуулсан социализмын үеийн хэлэлцээрүүд, зах зээлийн шинэ нөхцөлд Засгийн газруудаас байгуулсан Тогтвортой байдлын гэрээнүүд өнөө хэр олон нийтийн шүүмжлэлд өртсөөр байгаа нь гэрээ байгуулах үйл явц нууцлагдмал, хаалттай байсантай холбоотой.
Ийм арга барил, алдааг монголчуудын нийтлэг эрх ашигт асар их ач холбогдолтой Оюутолгой төслийн хувьд давтах эрх Монгол Улсын Засгийн газарт, Ерөнхий сайд Танд байхгүй билээ.
Тиймээс Оюутолгойн гэрээний төслийг албан тушаалтны цоожтой шүүгээнээс ил гаргаж олон нийтэд даруй толилуулан бүгдээрээ хэлэлцэх бололцоо олгоно уу.
Тэрчлэн Тавантолгой, Цагаан суварга зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газруудын төрийн эзэмшлийн хувь оролцооны асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд санал болгох гэж байгаа гэх Засгийн газрын хувилбар, олон нийтийн эгдүүцэл дургүйцлийг ихээхэн төрүүлсэн Бороогийн алт, Сүхбаатарын цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний зэрэг ордын Тогтвортой байдлын гэрээнүүдийн үйлчлэлийн асуудлаар Засгийн газрын байр суурийг нэгмөр олон нийтэд ил болгохыг хүсэлт болгож байна.
Эцэст нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хэдэн жилийн турш хайгуулын үйл ажиллагаа явуулж, газрын тос экспортолж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Бүтээгдэхүүн хуваах гэрээний үүргээ хэрхэн биелүүлж төсөвт ямар хувь нэмэр оруулж байгааг Монголын олон нийтэд ил тод сонордуулахыг Ерөнхий сайд Танд санал болгож байна.
Манай эвслийн энэхүү санал нь Үндэсний эрх ашигт бүрнээ нийцэх билээ.
Улсынхаа хөгжил дэвшлийг урагшлуулах, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг тогтоох үйлст Ерөнхий сайд Таныг хамтран ажиллана гэж найдаж байна.
Олборлох салбарын ил тод байдлын төлөө төрийн бус байгууллагуудын эвслийг төлөөлж эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллагууд:
ИЛ ТОД БАЙДАЛ САН
ИНФОРУМ ТӨВ
МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО ХӨДӨЛГӨӨН
МОНГОЛЫН ТУЛ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
ХҮНИЙ ЭРХ-ХӨГЖИЛ ТӨВ
УУГУУЛ ХӨДӨЛГӨӨН