Парламентын түүхэнд анх удаа спикер нь огцров (2007.06.15)
УИХ-ын гишүүдийн 67.2 хувийн саналаар УИХ-ын даога Ц.Нямдоржийг өчигдөр албан тушаалаас нь огцрууллаа. Тэрбээр өмнөх өдөр нь өөрөө огцрох хүсэлтээ илэрхийлсэн юм. Ц.Нямдорж чөлөөлөгдөх тухай өргөдлөө танилцуулахдаа, өөрийгөө Үндсэн хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд ажилласан гээд парламентат засаглалыг хараар будаж, улс орныг нэг хүн, түүнийг тойрсон бүлэглэлийн эрхшээлд оруулах гэсэн оролдлогыг саармагжуулахын тулд ийм алхам хийсэн хэмээн мэдэгджээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын даргаар сонгосноос хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Үүнээс нэг жил долоон сард нь жинхэнэ ёсоор ажиллах бололцоо олгож үлдэх хугацаанд хуулийн дагуу хийсэн ажлын төлөө элдвээр дайруулж, баалуулж өнөөдрийг хүрлээ. Та бид хамтран нийгмийн халамжийн тогтолцооны хуулиудыг баталж, түүний дагуу шинэ гэр бүл, шинээр төрсөн хүүхэд, одонтой эхчүүдэд олгох мөнгөний хэмжээ тогтоож, нэг хүүхдэд олгох мөнгийг 113000-д хүргэж чадлаа. Татварын эрх зүйн орчинг шинэчилж, дөрвөн хууль шинээр баталж, улс орныг хэрэг дээрээ 10 хувийн татварын тогтолцоонд шилжүүлж Ашигт малтмалын хуулийг шинэчилж, Гэнэтийн ашгийн хууль шинээр баталж мөрдүүллээ. Татварын хувь хэмжээг бууруулсан ч орлого нэмэгдэж, эдийн засгийн үзүүлэлт сайн байна. Авто замын сүлжээг эрс нэмэгдүүлэх, эрчим хүчний хомсдолыг арилгах, хөдөөгийн сумдыг орчин үеийн холбооны сүлжээнд хамруулах чиглэлээр зоримог, зардал ихтэй шийдвэрүүд гаргаж, тэр нь ажил хэрэг болж байна. Зөвхөн энэ онд гэхэд сүүлийн найман жилийн нийлбэр дүнтэй тэнцэх хөрөнгө оруулалт хийгдэж байна. Орон нутгийн удирдлагын сонгуулийн хуулиудыг шинэчилж хэмээс хэтэрсэн босоо тогтолцооноос хэвтээ тогтолцоонд шилжүүлж эрх мэдлийг орон нутагт өгөх ажлыг эхлүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны болон Авлигатай тэмцэх, Мөнгө угаахтай тэмцэх хуулиудыг баталж холбогдох байгууллага болон бүтцийг ажилд нь орууллаа. УИХ-ын сонгуулийн хууль, УИХ-ын хууль болон Чуулганы хуралдааны дэгийг шинэчилж, хуралдааныхаа танхимыг өөрчилж чадлаа. Парламентын ордны цогцолбор барих шийдвэр гаргалаа гээд Богино хугацаанд ийм ажил амжуулсныг эргээд санахаар гишүүдээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.
Би хувьдаа албан тушаалыг ил далдуур хөрөнгө зоорь цуглуулж, хор хуйвалдаан зохион байгуулж, суудалдаа шигдэх хэрэгсэл биш хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хийж, төрд үнэнчээр зүтгэж, ард түмэнд хэрэгтэй ганц ч болов шийдвэр гаргах боломж л гэж ойлгодог юм. Энэ л ойлголтынхоо хэмжээгээр ажилласан хэмээн Ц.Нямдорж хэлжээ. УИХ-ыг тал талаас нь боорлон дайрч, хийсэн болгоныг нь хараар будаж, шийдвэрүүдийг нь Үндсэн хууль зөрчөөгүй байсан ч зөрчсөн хэмээн лүндэгнэж, бүр онц бүрэн эрхэд нь халдах замаар засаглалын хэлбэрийг солих улс төрийн башир үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байна хэмээн тэрбээр мэдэгджээ. Тэрбээр энэ явдлыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “хариуг” нь Үндсэн хуулийн шийдвэр хэлбэрээр хүлээн авлаа хэмээн үзэж байгаа ажээ.
Ийнхүү Монголын парламент түүхэндээ анх удаа даргаа огцруулж буй бөгөөд УИХ-ын шинэ даргын томилгоог тун ойрын хугацаанд бүүр өнөөдөртөө багтаагаад шийдэх яриа байгааг хэвлэлүүд үгүйсгээгүй байна.