Бизнесийн орчин
-------------------------------------------------------------------------------------------------------
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг. Нээлттэй Нийгэм Форум “Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан”-д оруулах Монгол Улсын судалгааг Хүман Фортис Консалтанси компанитай зургаа дахь жилдээ хамтран гүйцэтгэж байна. Улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг нийт 12 бүлэг 103 үзүүлэлтээр тооцдог ба энэ жилийн судалгааг түүвэрлэж сонгосон 80 компанийн удирдах ажилтнуудаас авлаа.
Монгол Улс “Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан: 2010-2011” судалгаагаар 139 орноос өрсөлдөх чадварын индексээр 99 дүгээр байрт орж өмнөх жилийн үзүүлэлтээ 18 байраар ахиулжээ. Ийнхүү ахисан үзүүлэлт гарахад хоёр хүчин зүйл голлож нөлөөлсөн гэж дүгнэж болох юм. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд нэлээд сайжирсан (урд жил 108-р байрт орж байсан бол энэ жил 49-р байрт орсон байна) нь гол шалтгаан болсон ба дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтвортой байгаа, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлсөн аж. Мөн дэд бүтцийн үзүүлэлт яльгүй сайжирсан (117-р байрт орж өмнөх жилийнхээс 15 байраар дээшилсэн) байна. Нэг хүнд ногдох хуримтлалын хэмжээгээрээ манай улс дөрөвдүгээр байрт орсон нь нэг талаар монголчууд хуримтлал ихээр үүсгэж байгаа сайшаалтай боловч нөгөө талаар хуримтлалаа үр ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулах асуудал тулгамдсан хэвээр байгаа юм.
Мөн татварын нийт хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын хамгаалагдсан байдал, шинээр бизнес эхлэхэд шаардагдах хугацаа, бүрэн дунд боловсрол эзэмшилт, дээд сургуульд суралцагчдын эзлэх хувийн жин зэрэг үзүүлэлтээр эхний 50-д орсон үзүүлэлттэй байна.
Монгол улс хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үзүүлэлт болох хөдөлмөрийн зах зээлийн үр өгөөжөөр 39-р байраас 29-р байрт орж дэвшсэн байна. Улс орны өрсөлдөх чадварын бусад хөрөнгө оруулагчийг хамгаалах чадвар (27-р байр), дунд боловсрол эзэмших түвшин (40-р байр), нийт татварын түвшин (16-р байр), бизнес эхлэхэд шаардагдах хугацаа (45-р байр), цалин хөлсийг тодорхойлох уян хатан байдал (13-р байр) зэрэг үзүүлэлтүүдийг мөн тодорхойлдог. Монгол улс энэхүү өрсөлдөх чадварын тайланд Засгийн газрын үрэлгэн байдал (139-р байр), зах зээл дэх давамгайлалын цар хүрээ, компанийн ёс зүй (133-р байр), жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдсан байдал (134-р байр) зэрэг үзүүлэлтээр муу үнэлгээ авчээ.
Судалгаанд хамрагдсан хувийн хэвшлийн салбарынхан бизнес эрхлэхэд хамгийн их хүндрэл учруулдаг асуудал нь үр нөлөө муутай төрийн аппарат, авилга, төрийн бодлогын тогтворгүй байдал гэж үзжээ.