Орон нутгийн эдийн засгийн хөгжил
-------------------------------------------------------------------------------------------------------
Нээлттэй Нийгэм Форум 2009 онд хийсэн “Орон нутгийн төсвийн орлогын хуваарилалтыг зохистой хангах” нь бодлогын судалгааны шууд үргэлжлэл болгож 2010 онд “Орон нутгийн төсвийн зарлагын шинжилгээ” судалгааг Бүсийн Хөгжлийн Санаачилга ТББ-тай хамтран гүйцэтгэлээ. Судалгааны ажлын зорилго нь төрийн ба нутгийн удирдлагын байгууллага хооронд төрийн үйлчилгээний чиг үүргийг хуваарилсан байдал, ялангуяа үйлчилгээний бодлого тодорхойлох, нийлүүлэхэд шаардагдах санхүүгийн болон бусад нөөцийг хуваарилах, үйлчилгээг зохион байгуулж хүргэхэд эдгээр байгууллагад хуулиар оногдсон үүрэг, хэрэгжилтийг онолын зарчим, орчин үеийн хандлагад тулгуурлан судалж, үнэлгээ дүгнэлт өгч, цаашид сайжруулах асуудлаар санал боловсруулах явдал байв. Судалгааг Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Шарга, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийг хамруулан дараахь дөрвөн асуудалд тулгуурлан явуулсан юм. Үүнд:
- Хуулиар нутгийн удирдлагын байгууллагын хариуцах чиг үүрэг, хэрэгжилтийн байдлыг судлах,
- Төсвийн төлөвлөлтийн үйл явц, орон нутгийн зарлагын хэрэгцээг тодорхойлох,
- Орон нутгийн үйлчилгээний өртөгт нөлөөлөх хүчин зүйлсийг судлах,
- Улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжүүлэг олгохдоо орон нутгийн үйлчилгээний зардлын стандартыг хэрхэн тооцож буйг тодорхойлох.
Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд ННФ-ын дэмжлэгтэйгээр Сангийн Яам, Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид 2010 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 5-ны өдрүүдэд Швед, Норвеги улсуудад танилцах аялал хийлээ. Зорилго нь засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг нэгтгэн томруулах шинэтгэлийн бодлогыг хэрхэн боловсруулж хэрэгжүүлсэн, нутгийн захиргааны байгууллагуудын иргэддээ үзүүлдэг үйлчилгээний төрөл, хариуцлагын тогтолцоо, төсөв бүрдүүлэлт, хуваарилалтын тогтолцооны эрх үүргийн зааг ялгаа, хуваалцах татвар, орлогын шилжүүлгийн бодлого, орон нутгийн хөгжлийн ялгаатай байдлыг арилгах бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн зэргийг судлах явдал байлаа.
Түүнчлэн Унгарын Будапешт хотод зохион байгуулагдсан “Төв болон орон нутгийн төсвийн харилцаа” сэдэвт сургалтад шалгаруулалтаар тэнцсэн Сангийн Яамны мэргэжилтнүүдийг оролцууллаа. Сургалтын үеэр орон нутгийн төсвийн бодлого, олон улсад төвлөрлийг сааруулах чиглэлээр загвар санал болгодог эрдэмтэн судлаачид лекц уншиж онолын мэдлэг олгосны зэрэгцээ улс орнуудыг хооронд нь жиших, тоо мэдээллийг харьцуулах байдлаар өргөн хүрээний мэдээллийг хүргэсэн нь ихээхэн үр дүнтэй болжээ.
ННФ орон нутгийн бизнесийн орчны судалгааг 2010 оноос хийж эхлүүлээд байна. Бизнесийн орчин гэдэг нь бизнесийн үйл ажиллагааг зохицуулан удирдаж байдаг бодлого, хууль, институц болон эрх зүйн нөхцлүүдийн нийлмэл цогц юм. Энэ нь хөрөнгө оруулалтын орчны нэг хэсэг болдог бөгөөд засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг өөртөө агуулдаг. Судалгааны зорилго нь орон нутагт бизнес эрхлэх орчны өнөөгийн төлөв байдал болон аймгийн төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, стратегийг үнэлэх, улмаар “Орон нутгийн бизнесийн орчны индекс”-ийг тооцоход оршино. Судалгааг нийт 21 аймаг, Улаанбаатар хотыг хамруулан явуулах ба эхний ээлжинд Хэнтий, Төв аймгуудад явуулж орон нутгийн бизнесийн орчны индексийн тооцох аргачлалыг боловсруулаад байна.
2009 оноос эхэлсэн Шинэ Зеландын Засгийн газрын санхүүжилт бүхий “Алслагдсан орон нутгийн бүлгийг зохион байгуулах нь”, “Бүлгийн маркетингийн үйл ажиллагааг дэмжих нь” сэдэвт хоёр төсөл Архангай аймгийн Их Тамир суманд амжилттай хэрэгжиж дууслаа.