Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр
-------------------------------------------------------------------------------------------------------

Хичээлийн бус цагаар хүүхэд залуусыг дэмжих хөтөлбөр

ННФ 2009 оноос хүүхэд залуучуудын хөгжүүлэх зорилготой загвар төслүүдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Орон нутагт сайн дурын ажилд оролцох хүсэлтэй хүмүүс, дайчилж болох дэд бүтэц байгаа хэрнээ хүүхэд залуучуудыг чөлөөт цагаар нь хөгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байна. Иймээс орон нутгийн боломж, бололцоонд тулгуурлан, сайн дурынхныг дайчлан хямд зардлаар хэрэгжүүлж болох төслүүдийг туршин хэрэгжүүлэх үүднээс 2010 онд ННФ-ын дэмжлэгтэйгээр “Иргэний Боловсрол” ТББ хотын захын хороололд “Иргэн” төсөл хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь нийгмийн ухааны багшийн удирдлага дор сурагчдын бүлгүүдийг зохион байгуулж, орон нутагт тулгамдаад байгаа тодорхой асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэх шат дараалалтай үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Энэ төслийн хүрээнд “Иргэний Боловсрол” ТББ-ын сургагч багш нарт бодлогын асуудлыг сонгох, бүлэг зохион байгуулах болон мэдээлэл цуглуулах арга зүйн сургалтууд хийж, хэрэгжүүлэх явцад зөвлөгөө өгч ажиллах юм. Сурагчдын бүлгүүдийн санаачилсан төслүүд 2011 оноос хэрэгжиж эхэлнэ.

Залуучуудын бодлого  

ННФ 2010 онд “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих төсөл”-ийг өргөтгөж, залуучуудын хөгжлийн бодлогод анхаарлаа хандуулан төрөөс залуучуудын талаар баримталж буй бодлогын тойм шинжилгээг хийлээ. Монгол Улсын хууль, үндэсний хөтөлбөрүүдэд 15-35 насныхныг залуучууд гэж тодорхойлон, ажлын байр, орон сууц, сурч боловсрох орчин нөхцлөөр хангах зорилтуудын хүрээнд залуучуудыг тусгайлан дурдах нь элбэг байгаа ч нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн харилцааны үнэт зүйлсэд сургах зорилтууд давамгайлж байна. Тэгээд ч  бодлого, үйл ажиллагаанууд нь хэрэгжүүлэх эзэн, санхүүжүүлэх механизм, хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтээр баталгаажаагүй тул үр дүн муу байгааг төрийн байгууллагуудын тайлан, ярилцлагад хамрагдсан хүмүүсийн үнэлгээ дүгнэлт харуулж байгаа юм. Тухайлбал, 2006 онд батлагдсан “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 2009 онд 20,0 сая төгрөг төсөвлөсөн нь 24 зорилт бүхий уг хөтөлбөрийн үйл ажиллагаанд огт хүрэлцэхээргүй байна. Үүнийг батлах нэг жишээ нь таван хосыг “Шинэ байр” ТВ шоу нэвтрүүлэгт оролцуулан, түрүүлсэн хосод нэг өрөө байр олгосон нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд “Залуучуудыг орон байраар хангах” зорилтыг 10 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэх үндэслэл болжээ.

Залуучуудын оролцоо, нийгмийн идэвхийг дэмжих, оролцооны арга барилд сурган туршлага олгох нэн чухал зорилт төрийн бодлогод маш ерөнхий байдлаар тусч, хэрэгжилтийн  төлөвлөгөөнүүдэд огт тусгагдаагүй нь ажиглагдаж байна.. Залуучуудын нийгмийн идэвх, оролцооны энэхүү сул орон зайг намуудын дэргэдэх залуучуудын байгууллагууд эзлэх байдал харагдаж байна.

Цаашид залуучуудын оролцоог дэмжих зорилтыг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд тусгах, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төлөвлөлт, хэрэгжилтэд мониторинг хийх чадавхийг бий болгох хэрэгцээ байгаа нь судалгаанаас харагдсан бөгөөд ННФ энэ чиглэлд анхааран ажиллах болно.