Ч.Чимэдсүрэн: “Айвенхоу майнз” гишүүдэд 760 сая ам.долларын авлига өгөх гэж байна (Ардын эрх 2007.07.02 )

A- A A+
Ч.Чимэдсүрэн: “Айвенхоу майнз” гишүүдэд 760 сая ам.долларын авлига өгөх гэж байна (Ардын эрх 2007.07.02 )

Ч.Чимэдсүрэн: “Айвенхоу майнз” гишүүдэд 760 сая ам.долларын авлига өгөх гэж байна (Ардын эрх 2007.07.02 )

 

2007.07.02 Ардын эрх

-Монгол Улсын хамгийн том орд газрыг 50 жилийн хугацаатай нэг тэрбум хүрэхгүй ам.доллараар худалдан авах гэж байна гэж тэрээр мэдэгдэв-
Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагчийн албыг хашихболсон Ч.Чимэдсүрэн “Айвөнхоу майнз” компаниас УИХ-ын гишүүдэд “Оюутолгой”-г ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахын тулд тус бүрийнх нь тойрогт 10 сая ам.доллар “бэлэглэх” гэж буй тухай мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр тараасан юм. Энэ тухай түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Иргэний хөдөлгөөнүүд “Оюутолгой”-н гэрээг батлуулах сонирхолгүй байгаа бололтой. Шалтгаан нь…?
-Иргэний хөдөлгөөнүүд “Оюутолгой”-н төслийн хөрөнгө оруулалтын гэрээг анхааралтай ажиглаж байсан. Үүний гол шалтгаан нь гэрээний заалтууд нь Монгол Улсын хуулиас давж, манай хууль, гэрээнд үл захирагдах нөхцөл, байдал үүссэн явдал.
-Тухайлбал?
-Гэрээний төсөлд хэрэв Монголын хууль гэрээний заалтыг зөрчиж байвал гэрээний заалтыг гол болгоно гэсэн заалт бий. Энэ бол байж боломгүй алдаа. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлээд байгаа энэ төсөл нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт огт авцалдаа уялдаагүй, хор хохиролтой болсон байна. Та бүхэн бодоод үз л дээ. Орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмүү өртгийн албан татвар, гаалийн татвараас 100 хувь хөнгөлнө гэж заасан байгаа. Энэ заалт Монгол Улсад ашигтай байж чадах уу.
-Та “Айвенхоу майнз” УИХ-ын гишүүдийг хахуульдах гэж байгаа тухай хэлсэн. Энэ үгэндээ эзэн байж чадах уу?
-Яагаад чадахгүй гэж. Бидэнд тус компани гэрээгээ байгуулахын тулд УИХ-ын гишүүн бүрт 10 сая амдоллар өгөх гэж байгаа тухай мэдээлэл ирсэн. Энэ мэдээнд итгэж болно.
-Дэлгэрүүлж болох уу?
-Бололгүй яах вэ, зөвхөн нэг тойрогт 10 сая ам.доллар гээд бодохоор дор хаяж 760 сая ам.доллар болно. Монгол Улсын хамгийн том орд газрыг 50 жилийн хугацаатай нэг тэрбум хүрэхгүй ам.доллараар худалдан авах гэж байна. Гэхдээ тэр мөнгө нь монголчуудад ирэхгүй нь ойлгомжтой. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх ашгийн тусын тулд л зарцуулж таараа. Иймд бид энэ гэрээг батлуулахгүй тулд тэмцэх гэж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй, дотоодын компаниуддаа ч эрх тэгш бизнесийн орчныг санал болгохгүй бол үндэсний үйлдвэрлэгчид маань бидэнтэй хамтарна гэдгээ илэрхийлсэн.
-Эх сурвалж чинь найдвартай байж чадах уу?
-”Айвенхоу майнз”-ын зүгээс “Оюутолгой”-г ашиглах тал дээр бүх хүчээ дайчилж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Наад зах нь тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авахын тулд 250 сая ам.доллар зарцуулах гэж байгаа тухай мэдээ бий. Нэгэнт 200 миллиард ам.доллар олох гэж байгаа хүмүүс бол нэг тэрбум ам.долларыг халаасны мөнгө гэж үзнэ л дээ. Хэрэв бидэнд итгэхгүй, энэ мэдээллийг үгүйсгэж байгаа бол хууль хяналтын байгууллага нь шалгаад үзэг. Тэднийг илрүүлнэ гэж найдаж байна.
-Иргэний хөдөлгөөнүүд нэг хэсэг амралтын байдалтай байсан. Таны ерөнхий зохицуулагчаар нь ажиллаж байгаа “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” бол бүр ч ямар нэгэн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа үзүүлээгүй. Тэгсэн хэрнээ “Оюутолгой”-н гэрээний сургаар гэнэт цочроо авсан юм шиг мэдэгдэл хийгээд эхэлдэг нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд иргэний хөдөлгөөнүүд өөр өөрийн чиглэлээр шаардлага тавьж, Монгол Улсын төлөө үгээ хэлж, ирээдүйгээ аврахын тулд ихийг хийсэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тэр бүхний ард Монголын эрх ашиг хамт байсан. Тухайн үед бид асуудал ийм байна, ийм байж болохгүй гэж хөндөж тавьж байсан бол өнөөдрөөс эхлэн тухайн үед хэлж ярьж байсан бүхнээ бодит байдал болгож, хэрэгжүүлэх ажилдаа орж байна. Нэг ёсны жинхэнэ тэмцэл одоо л эхэлж байна. Энэ тэмцлээс их зүйл шалтгаална. Монголын ард түмэн бидний тэмцлийг дэмжиж, хамтдаа шударга бус бүхний эсрэг сөрөн зогсоно гэдэгт итгэж байна.

Г. Энхлэн