Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барилаа (Өнөөдөр 2007.07.10)
Удтал дуншиж байж АН-ынхан Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын төслийг өчигдөр үд дүнд УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн барилаа. Тэдэнтэй ИЗН-ын С.Оюун, М.Зоригт, Ард түмний намын Л.Гүндалай нар хүч хавсарчээ. Төрийн ажлын туршлагагүй, намын болон хувийн эрх ашгаа нийгмийнхээс дээгүүр тавьж гүйцэтгэх засаглалын ажлыг дампууруулсан, ашиг сонирхлын зөрчилтэй сайдуудын балгаар Монголын ард түмэн төр засагтаа итгэхээ больж, Засгийн газар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо хэмээн тэд огцруулах үндэслэлдээ өгүүлсэн байна. Тэгээд дөрвөн гол зүйлээр Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг буруутгаж бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Нэгдэх нь мэдээж Сэлэнгэ аймгийн Мандал суманд нисдэг тэрэг осолдож, 15 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал байв. Осол гараад байхад нуун дарагдуулж цаг хугацаа алдсан, УИХ-ын чуулган дээр Шадар сайд М.Энхсайхан, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нар худал мэдээлэл өгсөн, эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг улс төрийнх мэт болгон гаргасан хэмээн М.Энхболдын танхимын сайдуудыг буруутгасан байна.
Удаад нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг ноцтой зөрчин 15 сайд 2006 оны төсвийг 57 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан нь байж болшгүй хэрэг гзжээ.
Гуравдугаарт, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат 2006 онд УИХ-аас баталсан малчдыг нарны гэрлээр хангах хөрөнгийн эх үүсвэрийг зувчуулсан, түүнийг нь М.Энхболд өөрөө цээжээрээ хамгаалсныг эрс шүүмжилсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Батаа төрийн өмчийн "МИ-8" нисдэг тэргийг зугаацах зорилгодоо ашиглан, эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж осолд оруулан, улсад асар их хэмжээний хохирол учруулсан атал Засгийн газар холбогдох албан тушаалтнуудад ямар ч арга хэмжээ аваагүй нь огцруулах дөрөв дэх шалтгаан хэмээн үзжээ.
Ийнхүү Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь тодорхой болов. Тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн бариад гарч ирснийх нь дараа АН-ын зөвлөлийн дарга Л.Гансүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэнд МАХН-ын 13 гишүүн дэмжлэг үзүүлэхээр тохирсон гэсэн яриа гадуур их байна. Энэ үнэн үү?
-МАХН-ын 13 гишүүн маш зөв, шударга шаардлага тавьсан байна билээ. М.Энхболд олонхийн нэрээр цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалж өдий хүрлээ гэдгийг намынх нь шударга гишүүд ойлгожээ гэж бид үзэж байна. Тиймээс Засгийн газрын дампуу үйл ажиллагаатай хариуцлага тооцоход дээрх гишүүд бидэнтэй хамтрах байхаа гэж найдаж байгаа.
-13 гишүүнтэй та бүхэн уулзаж санал бодлоо солилцсон уу?
-Бид 13 биш, МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй бүгдтэй нь байнга уулздаг. Энгийн үед чөлөөтэй ярилцахаар тэдний олонх нь "Энэ Засгийн газар үнэхээр болохгүй байна" гэж хэлдэг юм. Гэвч цаг дээрээ тулахаар арай өөр юм яриад эхэлдэг.
-Наадмын өдрүүдэд Ерөнхий сайд намынхаа гишүүдтэй сайн тулж ажиллаж чадвал байдал өөрөөр эргэнэ гэсэн хардлага яваад байна. Энэ талаар Таны бодлыг сонсмоор байна л даа?
-Бид хуулиа дээдэлдэг, ардчилал, шударга ёсыг хэрэгжүүлдэг болохын төлөө тэмцэж байгаа. МАХН-ын гишүүд биднийг дэмжих болов уу, эсвэл татгалзах болов уу гэдэг нь нэг их сонин биш байна. Хамгийн гол нь цөөхөн хүний эрх ашгийг хуулийн дээгүүр тавьдаг энэ байдал устаж, шударга ёс ялах ёстой.
-МАХН-ыг дангаараа Засгийн газраа бүрдүүлэх ёстой гэсэн байр суурин дээрээ та бүхэн хэвээрээ байгаа юу?
-Хэвээрээ. Тиймээс л Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа юм.
А.Баасандорж