Таван толгойн лицензтэй холбоотой асуудлаар "Энержи Ресурс" ХХК мэдэгдэл гаргав (2007.08.30)
"Өдрийн сонин"-ы 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаарт УИХ-ын хүсэлтээр Үндэсний аудитын газраас Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийсэн тайланд "Энержи ресурс" ХХК-ийг Таван толгойн орд газарт хууль зөрчин тусгай зөвшөөрөл авсан хэмээн бичсэнтэй холбоотойгоор тус компаниас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдахдаа:
"Энержи ресурс" ХХК нь Таван толгойн орд газрын хайгуулын лицензийг эзэмшиж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хуулийн дагуу 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өргөдөл гаргасан билээ. Энэхүү өргөдлийн дагуу 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн АМГТХЭГ-ын албан тоотоор манай компанид тус орд газар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу манай компани Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар албан тоот илгээхэд Таван толгойн орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг дэмжсэн санал ирүүлж, уг саналыг АМГТХЭГ-т 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Улмаар АМГТХЭГ нь 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр "Энержи ресурс" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэл ирүүлж үүний дагуу бид эхний жилийн төлбөрийг төлж ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүлээн авсан юм.
Тус орд газрын "Энержи Ресурс" ХХК-д олгогдсон талбай нь нөөцөд авсан газар нутаг, талбайд багтаагүй болон давхцаагүй ба ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1997 онд батлагдсан "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу авч 2006 онд батлагдсан "Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн дагуу шинэчлэн бүртгүүлсэн болно.
"Өдрийн сонин"-ы нийтлэлд 2006 онд батлагдсан "Ашигт малтмалын тухай" хуулийн 60.4 дэхь заалтад "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. "Энержи ресурс" ХХК нь Таван толгойн орд газарт 2006 онд хайгуулын бус ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь уг заалтад хамаарахгүй, хууль зөрчөөгүй үйлдэл болохыг мэдэгдэж байна” гэжээ.