Форумын төслvvд 2007.09.05

A- A A+
Форумын төслvvд   2007.09.05


Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхитэй оролцоог дэмжих зорилгоор Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй шинэ хөтөлбөр бөгөөд ойрын гурван жилд тус хүрээлэнгийн үйл ажиллагааны цөм болж өргөжин хөгжих юм. Форумын зорилго нь бодлогын судалгаа, шинжилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглүүлэн бодлогын судалгааны бодит болон виртуаль орчинг бий болгох, бодлогын  баримт бичиг, хууль тогтоомж, дүрэм журмын холбогдолтой мэдээллийг авах өргөн боломжийг олон нийтэд олгох, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэхэд оршино.

Нээлттэй Нийгэм Форумын сэдвүүд

Нээлттэй Нийгэм Форумын үйл ажиллагаа ойрын гурван жилд засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын асуудлуудыг хамрах бөгөөд дор дурдсан тодорхой сэдвийн хүрээнд хэрэгжиж байна. Үүнд:

Засаглал

Ил тод байдалМэдээллийн эрх чөлөөХэвлэл мэдээлэл ба сонгууль
Сонгуулийн санхүүжилт
Улс төрчдийн ёс зүй
ТББ-ын зохицуулалт
Төсвийн үйл явц
Нутгийн ба төвлөрсөн удирдлага
Газрын шинэтгэл 
Мэдээлэл холбооны технологийн бодлого
Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх
- Эрх зүйн мэдээлэл, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх нь
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө

Эдийн засгийн хөгжлийн бодлого

Эдийн засгийн хөгжлийн  сценари
Сүүдэр эдийн засаг 
Бэлчээрийн мал аж ахуй
Орон нутгийн бизнесийн хөгжил
Хувийн хөрөнгө оруулалтын сан
Эдийн засгийн эрх чөлөөний индекс

Нийгмийн асуудлууд

Нийгмийн салбарын хувьчлал
- Боловсролын бодлого
- Нийгмийн үйлчилгээ, түүний чанар, хүртээмж
- Боловсролын төсөв зэрэг орж байна.

Нээлттэй Нийгэм Форумын сэдвүүдийг хэрэгжүүлэх арга зам

Нээлттэй Нийгэм Форумын сэдвийн мөн чанар, онцлог байдлаас хамааран тэдгээрийг дор дурдсан тодорхой үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

Олон нийтийн хэлэлцүүлэг, бага хурал

  • Нээлттэй Нийгэм Форумын сэдвүүдийн хүрээнд болон бусад улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар орон нутгийн, бүсийн болон үндэсний хэмжээний уулзалт, ярилцлага, эрдэм шинжилгээний бага хурал байнга зохион байгуулж байна.
  • Жилд нэг удаа дэлхийн нийтийн, бүс нутгийн, эсвэл үндэсний хэмжээний тулгамдсан асуудлаар олон улсын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Оролцогчид нь тухайн чиглэлийн нэр хүнд бүхий үндэсний болон олон улсын мэргэжилтнүүд байх болно. Холбогдох баримт бичгийг хэвлэн, нийтийн хүртээл болгоно.

Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр, судалгаа

  • Нээлттэй нийгмийн үнэт зүйлсийг дэмжин дэлгэрүүлэх мэргэжлийн боловсон хүчнийг хөгжүүлэх үүднээс үндэсний болон гадаадын судлаачдад зориулан бодлогын судалгаа, шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. 2003 онд бодлогын судлаачаар есөн хүн шалгарч зургаагаас ёсөн сар хүртэлх хугацаанд тодорхой чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээ хийж байна. Цаашид жил бүр шинээр тодорхой тооны судлаач элсүүлж, өөрсдийн судалгааны чиглэлээр Нээлттэй Нийгэм Форумын сэдвүүдтэй уялдуулан судалгаа, шинжилгээ хийх нөхцөл бололцоогоор хангаж байх болно.
  • Бодлогын судалгааны сул орон зайг нөхөх, эсвэл тодорхой чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлыг нэгтгэн дүгнэх зорилгоор зарим судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж байх юм.

Мэдээллийн төв, Иинтернэт гарц (портал)

  • Бодлогын судлаачид, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагууд болон олон нийтэд мэдээллээр үйлчлэх, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нээлттэй Нийгэм Форумын хүрээнд Мэдээллийн төв байгуулан ажиллуулж байна.
  • Нээлттэй Нийгэм Форумын онлайн гарц болох портал сайт нээж, улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын холбогдолтой мэдээллийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Интернэтэд байрлуулж эхлээд байна. Сайтад нэг цэгийн үйлчилгээний зарчмыг нэвтрүүлж, бүх холбогдох мэдээллийг хэрэглэгчид нэг дороос олж үзэх боломж бүрдүүлэхийг бид зорьж байна. Энэхүү гарц нь хэлэлцүүлгийн өрөө, захидлын хуудас зэрэг хэлэлцүүлгийн онлайн форумыг давхар агуулах болно. Англи, Монгол хэл дээр гарч байна.

Хэвлэн нийтлэл,  мэдээлэл түгээлт

  • Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, бодлого боловсруулагчид болон судлаачдад зориулсан гарын авлага, бодлогын судалгаа, шинжилгээний бүтээлүүд, бодлогын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачдын судалгааны тойм зэргийг хэвлэн нйитэлж, нийтийн хүртээл болгож байна.
  • Аливаа асуудлаар нээлттэй, мэдээлэлд тулгуурласан яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан телевизийн форум байнга явуулж байхаар бэлтгэл хангаж байна.

Туршилтын болон загвар төслүүд

  • Туршилтын болон загвар төслүүд нь Нээлттэй Нийгэм Форумын бодлогын асуудлаар гаргасан зөвлөмжийг гүнзгийрүүлэх, баяжуулах, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээр үйл ажиллагаа нь тодорхой хугацаатай, тодорхой сэдэв дээр төвлөрсөн байхаас гадна, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн болон гуравдагч талын дэмжлэгтэйгээр хэрэгжих болоцоотой байх юм.    

Хамтын ажиллагаа

Нээлттэй Нийгэм Форум нь өөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бусад сонирхогч талуудтай үр нөлөөтэй хамтран ажиллана. Үүнд:

• Иргэд болон иргэдийн төлөөллийн байгууллагууд
• Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд
• Орон нутгийн болон төрийн төв байгууллагууд
• Төрийн албан хаагчид
• Бизнесийн төлөөлөгчид
• Судалгааны байгууллага болон бодлогын төвүүд
• Донор болон олон улсын байгууллагууд зэрэг болно.

Мөн Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн сүлжээний хөтөлбөрүүд, тэр тусмаа Орон нутгийн захиргаа болон төрийн албаны шинэтгэлийн санаачлага, Эдийн засаг, бизнесийн хөгжлийн хөтөлбөр, Төв Европын Их сургуулийн Бодлого судлалын төв зэрэг хөтөлбөр, байгууллагуудын хуримтлуулсан мэдлэг туршлагад тулгуурлахаас гадна бусад улс орны их дээд сургууль, бодлогын институт, төвүүдтэй үр бүтээлтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэх болно.

Харилцах хаяг

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн,
Нээлттэй Нийгэм Форум
Жамьян гүний гудамж - 5/1,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар - 48

Утас: 976-11-313207Факс: 976-11-324857

Э-шуудан: [email protected] вэб хаяг: www.forum.mn