Хөгжлийн бодлогын яриа хэлэлцүүлэг

A- A A+
Хөгжлийн бодлогын яриа хэлэлцүүлэг


Хөгжлийн бодлогын яриа хэлэлцүүлэг


------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Форум Монгол Улс хаана яваа болон хаашаа явах ёстой талаар өргөн хүрээтэй бодлогын яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, эдийн засгийн голлох асуудлаарх судалгаа, бодлогын яриа хэлэлцүүлгийг сайжруулах явдалд байнга анхаарч ажиллахыг зорьж байна.

\"Үндэсний хөгжлийн яриа хэлэлцүүлэг\" хэмээх тусгай механизм бий болгох санаачилгыг ННФ 2005 оноос эхлүүлсэн бөгөөд энэ нь үндэсний хөгжлийн асуудлуудаар мэргэжилтнүүдийн дунд тогтмол уулзалт ярилцлага хийхийг дэмжих замаар бодлогын хувилбаруудыг тогтоон үнэлгээ өгөх, цаашлаад эдийн засгийн шийдвэрлэх сонголтуудыг хэлэлцэн тохироход хувь нэмрээ оруулах учиртай юм. Энэ төслийн өөр нэг хэсэг нь Монголын бодлого боловсруулагчид болон бодлогын хамтын нийгэмлэгийн бусад хүмүүсийн оролцоотой цуврал лекц, хэлэлцүүлэг явуулах явдал юм.

2006 онд  ННФ Монгол дахь эдийн засгийн эрх чөлөөний төвшин, өрсөлдөх чадвар, төсвийн ба татварын бодлогууд, сүүдрийн эдийн засаг ба бусад салбарын чиглэлээр хийж байгаа судалгаагаа үргэлжлүүлэх замаар эдийн засгийн бодлогын шинжилгээ, яриа хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжиж ажиллалаа.

Пеннсилваний их сургуулийг Ph.D. цолтойгоор төгссөн, Жоржиа мужийн Технологийн Институтын Сэм Нанны Олон улсын хэргийн сургуульд олон улсын улстөр, эдийн засаг, дэлхийн улстөрийн бодлого, Зүүн Ази ба Хятад судлалын хичээл заадаг профессор Фей-Линг Уанг 2006 оны зургадугаар сард  ННФ-д зочилж лекц уншлаа. Ноён Уанг \"Хятадын сэргэлт ба түүний утга агуулга\" сэдвээр илтгэл тавьж, Хятадын эдийн засгийн боломжит өсөлт ба Хятадтай хамтран ажиллахыг хүссэн бусад орнуудын баримталж болох стратегийн боломжит хандлагуудын талаар ярьсан юм. Хөрш орныхоо талаар авч хэлэлцсэн нь энд оролцсон судлаачид, эрдэмтэд, бодлого боловсруулагч хүмүүсийн хувьд сонирхолтой бөгөөд анхаарал татсан чухал сэдэв байв.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Форум МУИС-ын Эдийн Засгийн Сургуультай хамтран Мэрилэндийн их сургуулийн профессорыг урьж ирүүлэн уулзалт зохион байгуулсан. Тус их сургуулийн Эдийн засгийн факультетийн эрхлэгч, профессор Петер Муррел трансакцийн зардалтай холбоотойгоор эдүгээ эдийн засагчдын дунд нэрд гараад байгаа институцийн онолын талаар лекц уншив. Түүний лекцийн ерөнхий санаа нь улстөрийн бодлого, иргэний ба хүний эрх, төр, засгийн үр нөлөөтэй байдал, зохицуулалтын дарамт, эрхзүйт төр, авилгын хяналттай холбоотой бодлогуудыг хэрэгжүүлэхэд институцүүдийн гүйцэтгэх үүргийн тухай байсан бөгөөд түүний дэвшүүлсэн санал шүүмжлэлүүд нь институцийн онолын үзэл баримтлалыг ойлгохыг хичээж буй оролцогчдод ихээхэн тус дөхөм боллоо.

ННФ-ын вэб портал сайт нь Форумын олон нийтэд хүрэх гол хэрэгслийн нэг гэдэг үүднээс барууны тэргүүлэх эдийн засагчдын бичсэн нийтлэлийг орчуулж бэлтгэн байрлуулж байна. Нийтлэл бүр аль нэг вэб форумтай холбоотой учраас сонирхсон хэн бүхэн уг нийтлэлүүд, тэнд хөндөгдсөн асуудлуудын талаар санаа бодлоо бичих боломжтой юм.