Мэдээлэл холбооны технологийн бодлого
--------------------------------------------------------------------------------------------
Мэдээллийн холбооны технологи нь Монгол Улсын 21 дүгээр зууны хөгжлийн үндсэн хурдасгуурын нэг хэмээн үзсний үндсэн дээр Мэдээлэл холбооны технологийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан УИХ-аас 2000 онд Үндэсний мэдээлэл хобооны технологийг хөгжүүлэх стратегийг баталсан билээ. МННХ уг үзэл баримтлалыг боловсруулах ажлыг дэмжин анхнаас нь идэвхтэй оролцож ирсэн юм. Өнгөрсөн оноос эхлэн Нээлттэй Нийгэм Форум (ННФ) мэдээлэл хобооны технологийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Дэд бүтцийн яамнаас “Мэдээллийн технологийн тухай Монгол Улсын хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулахад холбогдох талууд, олон нийтийн санал бодлыг тусгах зорилгоор “МИДАС” ТББ-ын хууль боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд болон гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг оролцуулах, олон нийтийн хэлэлцүүлэг зохиох зэрэгт дэмжлэг үзүүлж ирлээ.
Дэд бүтцийн яамнаас зохион байгуулан 2003 оны наймдугаар сарын 13-нд хуулийн төслийн анхны хувилбарыг хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын дунд хэлэлцүүлсэн юм. Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдын санал дүгнэлтийг үндэслэн хуулийн төслийг цаашид боловсронгуй болгох үүднээс төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд зургаан удаагийн томоохон уулзалт хийсэн байна. Үүнд:
-
“Мэдээллийн Технологийн тухай хууль”-ийн төслийн ажлын хэсгийн уулзалт. Их Тэнгэр цогцолбор, 2003 оны наймдугаар сарын 29-31. Уулзалтаар хуулийн төслийн анхны хувилбарыг хэлэлцэж улмаар хоёрдахь сайжруулсан хувилбарыг бэлтгэсэн байна.
-
Ажлын хэсэг болон донор байгууллагын төлөөлөгчдийн Дэд бүтцийн сайдтай хийсэн уулзалт. Дэд бүтцийн яам, 2003 оны есдүгээр сарын 3.
-
Ажлын хэсгийн Дэлхийн Банкны зөвлөх мэргэжилтнүүдтэй хийсэн видео хурал. 2003 оны 10 дугаар сарын 23.
-
Хуулийн төслийн талаар Дэлхийн банкны зөвлөх мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан семинар. Уг семинараар хуулийн төслийн ерөнхий бүтэц, концепцийг тодорхойлох асуудлыг хэлэлцжээ.
Дээрх цуврал уулзалтын үр дүнд холбогдох яамд, олон нийтийн дунд хэлэлцүүлэх гуравдахь хувилбарыг гаргажээ. Мөн уг хуулийн төслийг Нээлттэй Нийгэм Форум, МИДАС, Нээлттэй Засаг, Мэдээлэл холбооны газар зэрэг байгууллагын вэб сайт дээр байрлуулан онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Мөн мэдээллийн технологийн багц хуулийн талаар олон нийтийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Үүнд:
-
“Мэдээлэл Холбооны Технологийн тухай хууль”-ийн төслийн талаар УИХ-ын гишүүдтэй санал солилцох уулзалт. Хүрэл Тогоот, 2003 оны 12 дугаар сарын 20-нд.
-
“Мэдээлэл Холбооны Технологийн тухай хууль”-ийн төслийн талаар боловсрол, иргэнийн нийгмийн болон олон нийтийн байгууллагууын дунд хийсэн хэлэлцүүлэг. Мэдээллийн технологийн үндэсний парк , 2004 оны нэгдүгээр сарын 20.
Хэлэлцүүлгүүдэд оролцсон зарим байгууллага саналаа албан бичгээр ирүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн төдийгүй ажлын хэсгээс хэлэлцүүлгийн талаарх хэвлэлийн мэдэгдэл гаргасан байна.
Мөн форумаас МХТ-ийн бодлогын чиглэлээр бодлогын судлаач бэлтгэх, бодлогын судалгааг дэмжих зорилгоор форумын бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хоёр судлаач авахаар бэлтгэж байна.
Бодлогын судалгааны сэдэв, чиглэлийг тодруулах зорилгоор 2004 оны гуравдугаар сарын 4-нд гол гол оролцогч талуудыг оролцуулан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад оролцогчид МХТ-ийн бодлогын судалгаа хийх шаардлага хэрэгцээ байгаа талаар ярилцаж, судалгааны тулгамдсан сэдвүүдийг тодорхойлсон байна.
Эл оролцогч талуудын уулзалтаас гарсан судалгааны сэдэв дээр үндэслэн Нээлттэй нийгэм Форум нь Будапешт дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн мэдээллийн програмтай хамтран хэлэлцүүлэг хийсний эцэст дараахь сэдвээр хоёр бодлогын судлаач авахаар шийдсэн юм. Үүнд:
-
Мэдээллийн эрх чөлөө ба мэдээлэл холбооны технологийн боломж
-
Хөдөө орон нутаг дахь мэдээлэл холбооны технологийн хөгжлийн асуудал
Форумаас бодлогын судлаачийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр авах бөгөөд зарыг 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдөр тутмын сонингууд дээр зарласан байгаа.