Оюутолгойн 34 хувийг хараад суувал ашиггүй (2007.09.20)

A- A A+
Оюутолгойн 34 хувийг хараад суувал ашиггүй (2007.09.20)

Оюутолгойн 34 хувийг хараад суувал ашиггүй (2007.09.20)

Монгол Улсын Засгийн газар, Айвнхоу Майнз Монголиа Инк компанийн хооронд хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монголын талд дэндүү хохиролтой болсон гэж   Сангийн сайд асан Н.Алтанхуяг  үзэж байна. Тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ ийн мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар Монгол Улс 34, Айвенхоу Майнз Монголиа Инк компани 64 хувийн хөрөнгө оруулалтаа хийгээд хамтарч ажиллаж болно. Гэхдээ 34 хувь дээрээ 17 хувийг Монгол Улсын Засгийн газар үнэгүй авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай улсын хөрөнгө оруулах хэмжээ 34 хувь, эзэмшлийн хэмжээ 51 хувь,  Айвенхоу Майнз, Монголиа Инк компанийн хувьд хөрөнгө оруулах хэмжээ 66, хувь эзэмшлийн хэмжээ 49 хувь болгох хэрэгтэй аж. Ингэж өөрчилсөн цагт шударга хуваарилалт бий болно хэмээн Н.Алтанхуяг мэдэгдэв.

Одоогийн төслөөр монголчуудын алдах 17 хувь нь өнөөдрийн үнэлгээгээр нэг тэрбум ам. доллар буюу нэг триллион 167 тэрбум төгрөг болж байгаа аж.  Энэ их мөнгөөр сая гаруй хүүхдэд бүтэн 10 жилийн хүүхдийн мөнгийг өгөх бололцоотой. ТЭЦ-IҮ цахилгаан станцын нэгэн адил 12 станц барьж болно. Мөн олон оюутныг гадаадын их, дээд сургуульд сургах боломжтой гэж тэрбээр тооцоолжээ.