Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж эхэлжээ (2007.10.03)

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж эхэлжээ (2007.10.03)

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж эхэлжээ (2007.10.03)

Авлигатай тэмцэх газар  төрийн өндөр дээд болон түүнтэй тэнцэх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар тогтоосон хугацаанд авч, олон нийтэд нээлттэй болгох үүргийнхээ дагуу эдгээр мэдээллийг олон нийтэд ил зарласан. Үүнээс гадна тус газар нь хуулийн дагуу  хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд нь хяналт тавьж, дүн шинжилгээ хийх ёстой. Мөн шаардлагатай тохиолдолд өөрийн санаачилгаар аливаа өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт явуулж болно гэж хуульд заасан байгаа. Яг одоогийн байдлаар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ажил хийгдээд эхэлсэн хэмэээн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалаг  “АЭ” сонинд мэдэгджээ.

Түүний ярьснаас үзвэл Авлигатай тэмцэх газарт Улсын мөрдөн байцаах газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтсээс, мөн зарим орон нутгийн болон дүүргийн Цагдаагийн хэлтсээс авлига, албан тушаалын 32 хавтаст хэрэг шилжиж ирээд байгаа аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталснаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах үйл ажиллагаа энэ сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газар найман төрлийн гэмт хэргийг харъяалан шалгах үүрэгтэй бөгөөд шилжүүлж авсан эрүүгийн хэргүүдийг шалгах ажиллагаа эхэлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг 24 цагийн турш 311919 дугаарын утсаар хүлээн авч байгаа ажээ. Мөн иргэдийн оролцоотойгоор төрийн үйлчилгээнд хяналт тавихаар шийдэж, 19-77 утсыг ажиллуулж эхэлсэн байна.  Энэ утсаар ирүүлсэн иргэдийн мэдээллийн дийлэнх нь нийслэл, дүүргийн газрын албадын үйл ажиллагаатай холбоотой байна.