МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд боллоо (2007-11-22)
УИХ-ын өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг томилсон байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж санал хураахад хуралдаанд оролцсон 67 гишүүний 97,1 хувь МАХН-ын дарга С.Баярыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн ажээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүн З.Энхболд Б.Батбаатар нар эсрэг санал өгсөн байна. Ийнхүү С.Баяр Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд боллоо.
С.Баяр Ерөнхий сайдаар сонгогдсныхоо дараа үг хэлэхдээ, “Энэ хүндэт индэр дээрээс хойшид ажил үйлсээр батлагдах үнэн үгийг л хэлэх учиртай гэж би нэн түрүүнд бодож байна. Хийсвэр, хуурмаг, эсвэл бодолгүй хэлсэн үг, тооцоо ядмаг, яарсан амлалт зэрэг нь төрийн ажилд тус болохгүй. Эмхэлж эвлүүлэх, үргэлжлүүлэн байгуулах ажил их, түүнийгээ бага хугацаанд батлан харуулах үүрэг надад оногдож байгааг мэдэрч байна” гэжээ. Тэрбээр шинэ Засгийн газрын хийх ажил, төлөвлөгөөг танхим бүрдсэний дараа ярих боломжтой учраас зарчмын хувьд баримтлах зарим санаагаа товч хэлсэн аж.
Шударга ёс тогтоохыг нийгэм биднээс шаардаж байна. Авлига, хээл хахууль төрийн албаны нэр төрийг сэвтээж, ард түмний итгэлийг эмтлээд зогсохгүй. улс орны эдийн засгийн чадавхид хор хохирол учруулсаар байна хэмээн 23 дахь Ерөнхий сайд С.Баяр онцолжээ. Авлига, хээл хахуультай тэмцэх, төрийн байгууллагын бүх шатны хүнд суртлыг арилгах, хуулийг дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх, хариуцлага, сахилгыг хүний үйл ажиллагааны гол зарчим болгох зэрэг асуудлыг шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилго болгох учиртай гэсэн байна.
Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан нэг асуудал нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, далд эдийн засгийг ил гаргах тухай байлаа. “Эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, далд эдийн засгийг ил гаргах шаардлага бидэнд тулгарч байна. Өнгөрсөн 17 жил бидний гаргасан алдаа, онооны явцад бий болсон энэ тогтолцоог өнгөрсөн хугацаанд чинээлэг болсон хэсэг нь алтан үе, харин алдаж хоцорсон хэсэг нь аймшгийн үе гэж нэрлэж байна. Өнгөрсөн шилжилтийн үед бий болсон эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн дарамтаас хувийн хэвшлийнхэн болон иргэдээ ангижруулж Монголын төр нэг удаа татварын өршөөл үзүүлэх цаг ирсэн ч байж магадгүй юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд эдийн засагт ил тод байдал, шударга ёс төлөвших эхлэл тавигдах, ижил гараанаас эхлэх, шударгаар, амьдрах, ажил хийх өрсөлдөх, хөгжих бүрэлдэнэ гэж итгэж байна” гэж хэлжээ.
Мөн хэрэглээний үнийн өсөлтийг сааруулахад чиглэгдсэн хөшүүргийг даруй хэрэглэх, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чадамжийг бүрдүүлэх ажлыг боломж бий гэж тэрбээр үзэж байна. Түүнчлэн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах асуудалд Засгийн газрын нийгмийн бодлогыг чиглүүлэн ажиллахаа ч тэрбээр мэдэгдлээ. “Эцэг өвгөдөөс өвлүүлэн ирсэн эрдэнэсийн сан, эрдэс баялгаа хүн ардынхаа амьдралыг өөд нь татах, нийгмийн шударга ёсыг тогтоох хамгийн зөв хувилбарыг сонгон авч ашигласнаар ажилгүйдэл, ядуурлыг багасгах шинэ боломж нэмэгдэнэ” гэж шинэ Засгийн газрын тэргүүн бодож байгаа ажээ.
УИХ-д суудалтай улс төрийн намууд ухаан бодол, бодрол сэтгэлгээний өрсөлдөгчид байхаас бус бие биедээ дайсагнагчид байх ёсгүй учраас буруу зөв бүхнийг ухаалгаар шүүн тунгааж Монгол Улсынхаа төлөө гэсэн нэгэн зорилгоор хамтран ажиллахыг ч бас уриаллаа.
“Эдийн засгийн таатай нөхцөл, өөдлөхийн эхлэл бүрдсэн энэ үед л бид бүгд Монголоо гэсэн чин сэтгэлээр нэгдэхгүй бол хэзээ нэгдэх юм бэ. Хэдийгээр яаралтай хийх зүйл цаг хугацаандаа ахдаж байгаа ч зөв эхлэл болгон үргэлжлэн хийвээс Монголын нийгмийн ойрын болон хэтийн хөгжилд хүсүүштэй ирээдүйн үндэс суурийг тавих сайхан боломж бүрдэх нь лавтай гэдэгт байгаа гэдэгт би итгэж байна. Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай” гэснээр шинэ Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгээ өндөрлөсөн.