Ардчилсан нам ард түмэнд Таван толгойг өгөх болжээ (Өдрийн сонин, 2008-01-10)
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн С.Ламбаа нар энэ сарын 8-нд болсон УИХ дахь тус намын Зөвлөлийн гишүүд, намын удирдлагатай хамтран хийсэн өргөтгөсөн хуралдааны талаар мэдээлэл хийлээ.
Хуралдаанаас Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд бүрэн шилжүүлэх гэж байгаатай холбогдуулан байгалийн баялаг ард түмний өмч гэдэг үүднээс иргэдэд үр шимийг нь хувьцаа хэлбэрээр хүртээх нь зөв хэмээн долоон сарын өмнө илэрхийлж байсан байр сууриа баталгаажуулж эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулахаар тогтжээ. Эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг гаргаснаараа АН ард түмэнд Таван толгойг “Эрдний хувь” болгон өгнө гэсэн амлалтдаа хүрэх нь.
Багануур дүүрэгт олон хүн архинд хордож амь насаа алдсан эмгэнэлт явдлыг УМХГ үүргээ биелүүлж чадаагүй тул АН-ын зөвлөлөөс Засгийн газарт тухайн байгууллагын удирдлагатай хариуцлага тооцох асуудлыг тавих нь зөв хэмээн үзжээ. Мөн хоёр нисдэг тэрэг осолдсонтой холбогдуулан сайдуудтай хариуцлага тооцох, сүйрсэн нисдэг тэргэний үнийг хэн төлж улсыг хохиролгүй болгох, үүнд холбоотой ИНЕГ-ын удирдлагад ямар арга хэмжээ авсан талаар Ерөнхий сайдаас асууж лавлахаар тогтжээ.
АН-ын УИХ дахь зөвлөлийн үйл ажиллагааг хэдийгээр 2004 онд цөөнх болсон ч амлалтаа сайн биелүүлснийг сайшааж, Зөвлөлийн гишүүдийг энэ оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихийг санал болгов.
“УИХ нэр дэвшигчдийн хэдэн хувь нь эмэгтэйчүүд байх вэ” гэсэн асуултад “АН дотооддоо Үндэсний зөвлөлдөх хороонд 58 эмэгтэй гишүүн байна гэсэн квоттой. Төрд хэдэн эмэгтэй сонгогдох нь сонгогчдын мэдэлд байдаг тул сонгуульд квот тогтооно гэдэг нь их хэцүү. Сонгогдох магадлалтай хүнийхээ нэрийг дэвшүүлэх шаардлагатай болох юм. Ер нь манай нам эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлнэ” гэж хариулж байв. Харин улс төрийн өндөр албан тушаалын томилгоонд квот тогтоох юм бол хэрэгжүүлэх боломжтой гэж тэд хэллээ. Тухайлбал Засгийн газрын танхимын гишүүдийн тодорхой хувь нь эмэгтэй хүн байна. Энэ жишгээр дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хэмээх улс төрийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийг томилдог байх нь амьдрал хэрэгжих магадлал өндөр гэж тэд байр сууриа илэрхийлсэн юм.