Канадын Олон улсын худалдааны сайд Д.Эмерсон: Оюу толгой дээр бидэнд шинээр эхлэх зүйл байхгүй болов уу (Өдрийн сонин, 2008-01-10)
Манайхаас алс хол оршдог Канад улсын ашиг сонирхол Монголд юу байна вэ? Үүнд хүн бүр Монголын баялгийг ашиглах гэсэн уул уурхайн ашиг сонирхол байх болов уу гэж ганц үгээр хариулах байх.
Тэгвэл манай оронд ирсэн Канад улсын Олон улсын худалдааны сайд, ноён Дэвид Эмерсон энэ асуултад “Бид уул уурхайгаас гадна хоёр орны хоорондох худалдааг өргөжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна“ гэсэн хариуг өгч байна. Тэрээр өчигдөр манай оронд ирсэн өдрөө “Кемпински-Хаан палас” зочид буудалд хэвлэл, мэдээллийнхэнтэй эхлээд уулзахдаа ингэж мэдэгдсэн юм. Манай Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай хийх түүний уулзалт, ярианы гол сэдэв мөн энэ санал байх болно гэдгээ Канадын сайд илэрхийлж байлаа. Айлчлалын үеэр Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээнд хоёр тал гарын үсэг зурах юм байна. Энэ нь Канадын талаас гарсан санал аж. Ноён сайдаас сэтгүүлчид зарим сонирхсон асуултаар хариу авлаа.
-”Ройтер” агентлагийн мэдээлснээр таны Монгол дахь айлчлал Оюу толгой дахь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг хурдасгах явдал гэж бичсэн байна. Энэ талаар ямар яриа хөөрөө өрнөх вэ?
-Өнөөдөр хоёр орны хооронд 200 гаруй сая ам.долларт эргэлдэж байгаа худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал айлчлалын үеэрх уулзалтуудын гол сэдэв байна. Бидэнд бололцоо байна. Үүнийг өргөжүүлж ашиглахад Канад улс бэлэн байгааг дахин хэлье. Оюу толгой төсөл дээр ярих юм бол танай Засгийн газрыг шүүмжлэх эрх бидэнд байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт дээр эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх тал дээр Монголын төр, засаг идэвхтэй ажиллаж байгааг бид ажиглаж байгаа. Гол нь зөв, оновчтой, ил тод бодлого байх нь чухал. Ийм шийдвэр гаргах цаг нь танай оронд ирээд байгааг тэмдэглэх хэрэгтэй. Эдийн засагт чинь үр өгөөжөө өгөх цаг нь одоо ирсэн гэдгийг хэлье. Оюу толгой дээр бидэнд шинээр эхлэх юмуу, шинэ зүйл байхгүй гэж бодож байна.
-Монголд ажиллаж байгаа Канадын “Сентерра гоулд” буюу “Бороо гоулд” компани дээр татвараа төлөхгүй байгаа, баялгаа хуваалцахгүй байна гэсэн нийгмийн хариуцлагын асуудлууд хөндөгдөж байгаа. Мөн “Айвенхоу майнз” компани дээр хувь эзэмшилтийн асуудал сөхөгдөж байна. Уул уурхайн салбарт Канадад төрийн оролцоо хэр байдаг вэ. Эдгээр компанийг Канадад хэр мэдэх вэ, ямархуу түвшинд байдаг вэ?
-Хувийн компаниудын талаар тодорхой бүрэн дүүрэн мэдээлэл надад алга. Зарим компани дээр учир дутагдалтай зүйл гарсныг, байгааг үгүйсгэхгүй. Цаашид хариуцлагаа ухамсарлан ажиллах байх гэж бодож байна. Хувь эзэмшилтийн тухайд төр оролцох, тодорхой хувь эзэмших явдал одоо Канадад байхгүй болсон. Энэ нь хэн нэгний урт гар орж ирэх сөрөг нөлөөтэй байдаг тал бий. Төр заавал хувь эзэмших албагүй. Ер нь стандарт хэрэгтэй. Тэрнийгээ зөв, оновчтой тодорхойлж тогтоогоод мөрдөөд явах нь чухал.
-Канад, Монгол хоёр өөр ямар салбарт хамтран ажиллах боломж бий вэ. Монгол оюутнуудыг Канадад суралцуулахыг нэмэгдүүлэх үү?
-Бидний хамтран ажиллах өөр нэг салбар бол ХАА болон эрчим хүч юм. Үр тариа, цөмийн эрчим хүч ашиглах тал дээр Канадын технологи болон туршлагыг Монголд нэвтрүүлж болно. Монгол оюутнуудын тухайд ХАА-н чиглэлээр манайд суралцаж байгаа. Оюутны тоог нэмэгдүүлэх эсэх дээр манай ЭСЯ илүү мэдээлэл өгөх байх гэв.
Ноён сайдын айлчлалын үеэр Канадаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар ноён Алейн В.Фонтайныг томилох ёслол өчигдөр болсон юм. Тэрээр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг хүн юм байна. Өргөмжит консултай болсноор Монголд Канадын байнгын төлөөлөгчийн газар нээгдэх эхний алхам хийгдэж байна гэж манайд айлчилж байгаа тус улсын Олон улсын худалдааны сайд Дэвид Эмерсон илэрхийллээ. Түүний айлчлал сүүлийн арваад жилд Канадын талаас Монголд хийж байгаа төрийн хэмжээний албан ёсны айлчлал юм байна. Канад улс Монголд хөрөнгө оруулагч гадаадын орнуудаас Хятадын дараа хоёрт орж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Канадын уул уурхайн 25 компани Монголд ажиллаж байна.