Асгатын мөнгөний ордыг оросуудтай хамтран эзэмших гэрээг УИХ эцэслэн шийднэ (News.mn 2008-01-08)

A- A A+
Асгатын мөнгөний ордыг оросуудтай хамтран эзэмших гэрээг УИХ эцэслэн шийднэ (News.mn 2008-01-08)

Асгатын мөнгөний ордыг оросуудтай хамтран эзэмших гэрээг УИХ эцэслэн шийднэ  (News.mn 2008-01-08)

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд орших Асгатын мөнгөний орд газрыг орос ах нартай хамтран эзэмшихээр манай томчууд түс тас тохирчээ. Тодруулбал, Асгатын мөнгөний ордын 50 хувийг Монгол, үлдсэн 50 хувийг ОХУ эзэмшихээр хэлэлцээ хийсэн байна. Одоо харин энэхүү хэлэлцээрийг УИХ-ын гишүүд зөвшөөрөх юм бол ногоон гэрэл асч буй аж. Энэ тухай Үйлдвэр худалдааны яамны харьяа Геологи уул уурхайн хүнд үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.
Сэтгүүлчид харин түүнээс стратегийн чухал орд газарт Асгатыг яагаад заавал оросуудтай хамтран эзэмших болов гэдгийг сонирхсон. Тэрбээр “Ашигт малтмалын орд газрыг ашиглах тохиолдолд дөрвөн зүйл тодорхой байх ёстой. Нэгдүгээрт, баталгаатай тогтоогдсон нөөцтэй байх. Байгаль орчинд халгүй техник технологи ашиглан орд газрыг эзэмших. Гуравдугаарт, хөрөнгө, мөнгөний асуудлыг тодорхой шийдэх ёстой байдаг. Дөрөвдүгээрт, зах зээлийн асуудал чухал байр суурь эзэлдэг. Нөгөөтэйгүүр, Асгатын мөнгөний орд нь байршлын хувьд их төвөгтэй. Орос, Монголын хилийн зааг дээр байрладаг. Нэг ёсны ОХУ-аас бусад оронтой хамтарна гэвэл үйлдвэрээ байгуулахаас эхлээд бэрхшээл тулгарна. Мөн бүтээгдэхүүнээ гаргах асуудал ч бэрхшээлтэй тулгарах юм. Асгатын мөнгөний орд газрыг ашиглах тухай яриа их олон жилийн өмнөөс эхэлсэн ч одоо хэр нь бодит ажил болж чадаагүй л байгаа. Энэ бүхэн бол дээр хэлсэн байршлын хувьд их төвөгтэй газарт оршдогтой холбоотой. Мөн таван жилийн өмнө тус орд газрыг ашиглахад шаардлагатай техник технологи аль ч улсад байсангүй. Асгатын мөнгөний орд газарт дөрвөн төрлийн металл бий. Зэс, мөнгө, сурма, мишак гэсэн. Тус орд газрын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байдаг ч олон жилийн өмнө Зөвлөлтийн экспедиц хайгуулын ажлыг гүйцэтгэсэн. Энэ мэт олон зүйлтэй холбоотойгоор Асгатын мөнгөний орд газрыг 50:50 хувиар ОХУ-тай хамтран эзэмших нь хамгийн тохиромжтой гэсэн шийдэлд хүргэсэн” хэмээн тайлбарлав. Харин бид дэд сайд Я.Содбаатараас дараах асуултад хариулт авсан юм.

-Асгатын мөнгөний орд газрыг 51:49 хувиар эзэмших тохиролцоог хийж болоогүй юм уу. Яагаад заавал 50:50 хувь гэж?

-Асгат бол УИХ-аас баталсан стратегийн ач холбогдолтой 15 орд газрын жагсаалтад багтсан. Гэрээ хэлэлцээгээр Монгол Улс 50, ОХУ 50 хувийн хөрөнгө оруулалт хийхээр болсон нь дараах шалтгаантай. Тус орд нь манай улсын баруун хязгаарт байрладаг, байршил нь их төвөгтэй. ОХУ-аар хил дамжиж орд газартаа хүрдэг. Тогтоц найрлагын хувьд хортой бодис агуулагддаг. 1990 оноос хойш Асгатын мөнгөний орд газрыг эзэмших, эдийн засгийн эргэлтэд оруулах санаачлага, санал олонтаа гарч байсан ч харамсалтай нь өнөөг хүртэл ашиглаж чадаагүй. Энэ нь газар нутгийн төвөгтэй байршилтайгаас ихээхэн хамаарсан зүйл. Асгатын мөнгөний орд газрын лицензийг Монголросцвемт нэгдэл эзэмшиж байх үед манай улс 25, хойд хөрш 75 хувийг тус бүр эзэмшиж байсан. Ингэхдээ “Полиметалл”-ын дэмжлэгтэйгээр хойд хөрш 75 хувийг эзэмшиж байсан гэж ойлгож болно. Хамгийн сүүлийн үеийн хэлэлцээрээр хоёр тал 50:50 хувь гэж тогтсон юм. Гэхдээ эцсийн шийдийг УИХ гаргана.
Түүнчлэн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү тус ордын эзэмшилтэй холбоотой асуултад дараах саналыг нэмэрлэсэн. Тэрбээр “Манай улс ОХУ-тай олон жилийн туршид хамтарч ажиллаж ирсэн. Оросын геологийн школь дэлхийд дээгүүрт орно. Мөн манай геологи уул уурхайн мэргэжилтнүүд хойд хөршид бэлтгэгдсэн байдаг. Зам, тээвэр, хойшдын харилцаагаа бодсон ч ОХУ хамгийн тохиромжтой улс гэж хэлсэн юм.
Үе үеийн Засгийн газрын гар дамжин байгаа Асгатын мөнгөний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал одоо УИХ-ын гишүүдийн гарт л үлдлээ.  /Эх сурвалж: News.mn 2008-01-08/