Асгатын гэрээ ба том наймаа (Ардын эрх, 2008-01-15)
"Полиметалл"-тай хийсэн Асгатын мөнгөний ордыг ашиглах гэрээний талаар УИХ-ын гишүүн С.Ламбаа “АЭ” сонинд ярилцлага өгчээ.
-Өнөөдөр танай намын зөвлөлөөр хэлэлцсэн зарим асуудлын талаар тодруулах гэсэн юм?
-Нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал бол тэртэй тэргүй "явна". Амьжиргааны баталгаажих доод түвшинд өөрчлөлт оруулсантай холбогдуулж Засгийн газраас оруулж ирсэн асуудал. Тийм учраас энэ 24000, 81000 мянган төгрөгийн асуудал бол маргаан байхгүй. Гол хоёр асуудлыг Ардчилсан намын зөвлөл огт хэлэлцэхгүй гэдэг шийдвэр гаргаад байгаа, тэр тухайгаа л ярилаа.
-Асгатын мөнгөний ордын гэрээний талаар ярилцсан уу?
-Ярьсан. Нэгдүгээрт Асгатын мөнгөний ордыг ашиглах тухай Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах боломж байхгүй. Яагаад гэвэл уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын асуудал нэг л зарчмаар явах ёстой. Өмнө нь хууль бус гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө энэ ордын 50 хувийг Оросын "Полиметалл" нэгдэлд өгч, 50 хувийг нь төр эзэмшинэ гэдэг байж боломгүй зүйл. Асгатын мөнгөний орд чинь Оюу толгой, Таван толгойтой ажил стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад ордог. Энэ ордууд дээр хөрөнгө оруулалтыг яаж хийхээ тогтоогүй байж бид Орост л өгөхгүй бол болохгүй, шүүхдэлцээд эхлэх нь гээд өгчихөж болохгүй биз дээ. Ийм бүдүүлэг байдлаар асуудалд хандахгүй ээ.
-Жилийн өмнө М.Энхболд Ерөнхий сайд байхдаа энэ гэрээг хүчингүй болгосон биз дээ. Тэглээ гээд "Полиметалл"-ынхан шүүхэд хандсан хэрэг үү?
-Ерөнхийлөгчийн Орост хийсэн айлчлалын үеэр Төрийн өмчийн хорооны нөхөд энэ гэрээнд гарын үсэг зурсан. Дараа нь М.Энхболдын Засгийн газар энэ гэрээг хүчингүй болго гээд холбогдох хүмүүст нь үүрэг өгчихсөн юм. Тэр дагуу нь "Монросцветмэт"-ийнхэн гэрээгээ хүчингүй болгох санал тавихаар урдаас нь "Полиметалл"-ынхан урдаас нь гэрээнээсээ буцсаны хохирол нэхэмжилнэ гэсэн байгаа юм.
-Тэгэхээр ТӨХ-ныхон энэ гэрээгээ хүчингүй болгоогүй гэсэн үг үү?
-Хүчингүй болгоогүй л юм байна. Хүчингүй болгох нь байтугай энэ гэрээг УИХ-аар соёрхон батлуулна гээд оруулаад ирлээ шүү дээ. Тэгэхээр их том наймаа явж байгаа хэрэг мөн биз.