ОҮИТБС-ын хүрээнд хийгдсэн Монгол улсын Анхдугаар нэгдсэн тайлангийн тухай

A- A A+
ОҮИТБС-ын хүрээнд хийгдсэн Монгол улсын Анхдугаар нэгдсэн тайлангийн тухай

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд хийгдсэн Монгол Улсын анхдугаар нэгдсэн тайлангийн тухай

Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачлагын хүрээнд нийт 64 компани 2006 онд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийн тайлангаа, Сангийн Яам 137 компаниас 2006 онд хүлээн авсан татвар, төлбөрийн тайланг тус тус гаргалаа. Тайлангуудыг Монголын ОүИТБС- ын ажлын албаны вебсайт дээр тавьсан. үүнээс 2006 оны санхүүгийн жилд улсын болон орон нутгийн төсөвт уул уурхайн компаниаас 200 сая төгрөгөөс дээш төлсөн материаллаг төлбөр, уул уурхайн компаниудаас хүлээн авсан материаллаг орлогуудын тайлан нэгтгэх ажлыг Австралийн Крейн Уайт (Crane White and Associates) хэмээх аудиторын компаниар 2007 оны 12 дугаар сарын 17- ноос 2008 оны 1 дүгээр сарын 26- ны дотор хийлгэж, дүнг Ажлын хэсэг, үндэсний зөвлөлд танилцуулаад байна. Аудиторыг сонгон шалгаруулах тендерийг Дэлхийн банкнаас зарлаж, үнэлгээг Тендерийн үнэлгээний хороо гүйцэтгэж, дүнг Дэлхийн банк баталж, зохих батламжийн дагуу гэрээг Ажлын алба Крейн Уайт компанитай байгуулсан байна.   

Зөвлөхийн гэрээгээр тайлангуудыг нэгтгэл хийнэ, гэхдээ энэ бол уламжлалт аудит биш гэдгийг анхнаас нь тендер зарлахаас эхлээд зааж өгсөн. Зөвөлгөө өгөх үйлчилгээний ажил гэдгийг онцлоод, цаашдаа гарсан зөрүүг хэрхэн арилгах, ямар зүйлийг сайжруулах гэдэгт зөвлөмж өгөх зорилготой байсан.

Тодруулсан тайлангийн нэгтгэлд орсон 25 компаниуд гэвэл:

1)Алтан Дорнод Монгол ХХК 2) Адуунчулуун ХК 3) Багануур ХК 4) Бороо Голд ХХК  5)Чинхуа МАК Нарийн Сухайт ХХК 6)Коулд Голд ХХК 7)Дацан Трейд ХХК 8)Эрдэс Холдинг ХХК 9)Эрдэнэт УБК 10)Гацуурт ХХК 11)Айвенхоу Майнз Монголиа Инк 12)Жамп  ХХК 13)Монголын Алт Корпорац 14)Эм Жи Эйч ХХК 15)Монгол Газар ХХК 16)Монголросцветмет ХХК 17)Петро Чайна Дайчинь Тамсаг ХХК 18)Шарын Гол ХХК 19)Шим Техноложи ХХК 20) Шинь Шинь ХХК 21)Шивээ Овоо ХХК 22)Шижир Алт ХХК 23)Тавантолгой ХК 24)Цайрт Минерал 25)Улз Гол хоршоо болно.
 
Крейн Уайт компанийн тооцон гаргаж ирсэн анхны зөрүүнүүдийг тоймлон танилцуулахад:

Тайлангуудын нэгтгэлийн анхны дүн: мянган төгрөгөөр

25 Компанийн тайлангийн дүн

Засгийн газрын тайлангийн дүн

Зөрөө

502,093,210

405,266,347

- 96,826,863

Крейн Уайт компани томоохон зөрөө гарсан компани, татварын байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзаж нэмэлт тодруулга, учир шалтгааны тодруулга хийсний дараахь тайлангийн эцсийн дүн: мянган төгрөгөөр

 

Тайлан

Тодотгол

үлдэгдэл

Засгийн газрын хүлээн авсан хэмжээ

405,266,347

61,927,252

467,193,600

25 Компанийн төлсөн хэмжээ

- 502,093,210

9,805,457

- 492,287,753

Зөрөө

- 96,826,863

71,732,709

- 25,094,153

Тайлангийн төгсгөлд 25 компани нэг бүрээр тодруулга бичигдсэн мөн албан татвар, төлбөр нэг бүрээр тодруулга хийж тайлбар бичсэн болно. Энэхүү аудитын эцэст зөрөө 25 гаруй тэрбум төгрөг байгааг нотолсон байна.
               
Аудитын компанийн тайлангаас зөрүү гарах болсон шалтгаан, зөвлөмж, дүгнэлтийг танилцуулья.

Зөрүү гарсан шалтгаан

  1. Засгийн газрын тайлан бүрэн бөглөгдөөгүй;
  2. Засгийн газрын тайланд компаниудын төлсөн бүх татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг болон мөнгөн тусламжийг бүрэн гүйцэд бүртгэн аваагүй;
  3. Засгийн газрын зүгээс бүх байгууллагуудаас бүх шаардлагатай мэдээллийг цуглуулан авч боловсруулах үр дүнтэй систем одоогоор байхгүй байна;
  4. Зааварчилгаанууд ихээхэн ерөнхийлсэн байдалтай байна;
  5. Татварын харилцан суутгал хийсэн аргазүй тэр болгон тогтож төлөвшөөгүй нь  тайланд зарим ташаа зүйл орход хүргэсэн байна;
  6. Гаалийн татварын дүнд онцгой, гааль, нэмэгдсэн өртөгийн татвар холилдсон байдал зарим компанийн тайланд байжээ.
  7. Аудитын компаниас хүссэн тодруулгыг зарим компани, үндэсний татварын ерөнхий газар тодруулж чадаагүй, хугацаа хожимдсон.

 

Цаашид тайланг зөв гаргахад өгөх зөвлөмжүүд

  1. Тайланг гаргах, бөглөх талаар энэхүү сургамжийг тусгаж, нарийвчилсан зааварчилгааг гаргах.
  2. Аудит хийх хугацааг нэмэгдүүлэх, 2 үе шаттай явуулах.
  3. Хандив тусламжийн тоо баримтыг цуглуулах хэцүү биш системийг ажиллуулж эхлэх.
  4. Уул уурхайн компаниудын зүгээс тодорхой хугацааны давтамжтайгаар сум, аймаг болон төрийн байгууллагуудад олгосон мөнгөн тусламжийг тайлагнаж байх үүргийг өгөх.
  5. Мөнгөн бус тусламжийг бүртгэх, хандив тусламжийн хуудсыг хүлээн авагч талд өгч байх.
  6. Мэдээллийг нэгтгэн дүгнэх зорилгоор тайлангийн өгсөн, авсан маягтыг ижил загварт оруулах.
  7. Тайлангуудад үнэн зөв байдал, бүрэн хэмжээний мэдээлэл өгч байх талаар Засгийн газар, уул уурхайн компаниудад сануулах.
  8. НөАТ нь ихээхэн ээдрээтэй татварын төрөл учир тайлангийн маягтаас хасч болох юм.
  9. Гаалийн агуулахын үйлчилгээний хураамжийг оруулах эсэхийг судлах.

 

Крейн Уайт компанийн дүгнэлт

  1. Компаниудаас хүлээн авсан мэдээллийн чанар тодорхой хэмжээнд сайн байсан.
  2. Засгийн газрын зүгээс хүлээн авсан мэдээлэл чанарын хувьд ихээхэн дутагдалтай байсан гэжээ.

 

2008 оны 1 дүгээр сарын 15- ны болсон Монголын ОүИТБС- ын Ажлын хэсгийн хуралдаан дээр анхан шатны санхүүгийн баримт шалгах саналыг зөвлөхүүдэд тавьсан хэдий ч, тэд анхан шатны баримтыг үзэх шаардлагагүй, тэгэх эрх байхгүй гэдгээ илэрхийлсэн болно. Учир нь, энэ бол цэвэр аудитын үйлчилгээ биш гэдгийг онцлон хэлсэн юм.

Монголын ОүИТБС- хүрээнд гарч буй сургамжууд:

  1. Санаачлагын тайлангийн маягтын зарим үзүүлэлтийг дахин үзэх, зааврыг сайжруулах шаардлагатай байгаа нь нотлогдсон.
  2. Татвар хоорондын суутгал, НөАТ зэрэг асуудлыг тайлан гаргахдаа баримтлах чиглэлийг нарийн тодорхойлох хэрэгтэй байжээ.
  3. Хандив тусламжийн талаархи мэдээллийг бүрэн оруулах шаардлагатай байна.
  4. Манай татвар, гааль гээд олон байгууллагуудын хоорондын мэдээ тайлангийн солилцоо, боловсруулалт тийм ч сайн биш байгаа нь харагдсан.
  5. Татварын төв болон орон нутгийн байгууллага хоорондын мэдээлэл компанийн нэрээр нарийвчлан гардаггүй сул талтай байгаа нь нотлогдож байна.
  6. Аудит хийх зөвлөхийн ажиллах хугацааг уртасгах, гүйцэтгэх ажлыг нь зөв оновчтой товлох хэрэгтэй нь ч илт болсон. Дэлхийн банкнаас өгсөн 30 хоногт багтаана гэсэн нь хэт шахуу хугацаа байжээ.
  7. Тайлан гаргах ажилтнуудын мэдлэг, дадлага дутмаг, бас зарим компани, байгуулагууд хариуцлагагүй байгаа нь харагдлаа.
  8. Сургалтад нь суусан хирнээ хүмүүс тайланг дутуу дулимаг гаргаж байгаа нь сургалтын чанар, аргачлал сул байгааг гэрчилж байна.
  9. Засгийн газрын 2007 оны 80 дугаар тогтоолд заасан орон нутагт ОүИТБС- ыг хариуцах үүрэг хүлээсэн Засаг дарга нар хүссэн хэмжээнд биш ажиллаагүй байна. Салбар зөвлөлийг байгуулж ажиллагаанд оруулаагүй л байна.

 

Цаашид авах арга хэмжээ:

Нэг. 2008 оны 1 дүгээр сарын 30- ны өдөр хуралдсан үндэсний зөвлөлийн хуралд нэгтгэсэн тайланг танилцуулж, дараахь шийдвэрүүдийг гаргасан байна. Шийдвэрүүд нь Монгол Улсын Ерөнхий сайдын 16 тоот захирамжид тусгалаа олсон байна.  

  1. ОүИТБС-ын аудитын нэгтгэсэн Монгол Улсын анхдугаар тайланд гарсан нийт 25 тэрбум төгрөгийн дүн бүхий албан татвар, төлбөрийн зөрүүний үндэслэлийг тохиолдол бүрээр судалж, шалтгааныг тогтоон дутагдлыг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг энэ оны 3 дугаар сарын 1- ний дотор үндэсний зөвлөлд тайлагнахыг Сангийн сайд Ч. Улаан, үйлдвэр худалдааны сайд Х. Наранхүү нарт даалгажээ.
  2. ОүИТБС-ын 2007 оны тайлан гаргах маягтыг оролцогч талуудын санал, 2006 оны тайлангийн сургамжид тулгуурлан боловсруулахыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОүИТБС- ын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д. Батбаярт, энэхүү маягтыг үндэсний статистикийн газрын даргатай хамтран батлахыг Сангийн сайд Ч. Улаанд тус тус даалгажээ.( Тайлангийн маягт, түүнийг гаргах зааврыг боловсруулж байгаа болно.)
  3. “Чиг үүрэг батлах тухай” Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28- ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ОүИТБС- ыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг”-ийн 10 дахь заалтад заасан үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгааг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт анхааруулжээ.
  4. Олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс орон нутгийн төсөвт хүлээн авсан албан татвар, төлбөр, аймаг, суманд авсан хандивын 2007 оны тайланг батлагдсан маягтын дагуу энэ оны 2 дугаар сарын 20- ны дотор нэгтгэн гаргаж, нийтэд мэдээлэх, тайланг аж ахуйн нэгжийн нэр, албан татвар, төлбөр, хандив тус бүрээр гаргаж, үндэсний татварын ерөнхийгазар ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.
  5. Олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс улсын болон орон нутгийн төсөвт хүлээн авсан албан татвар, төлбөрийн талаархи Засгийн газрын 2007 оны тайланг улсын хэмжээгээр нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулан энэ оны 4 дүгээр сарын 1- ний дотор нийтэд мэдээлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд

Ч. Улаанд даалгажээ.

Хоёр. Тайлан гаргасан, аудит хийгээгүй 39 компанийн тайланг улсынхтай харьцуулан дүгнэлт гаргах ажлыг ойрын үед дотоодын байгууллага, ажилтны оролцоотойгоор зохион байгуулна. Монгол Улсын 2006 оны Анхдугаар нэгтгэсэн тайланд ороогүй олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тайлангуудын нэгтгэлийг энэ оны 4 дүгээр сард багтаан хэрэгжүүлж, нийтэд мэдээлнэ.

Гурав. Монгол Улсын 2007 оны хоёрдугаар нэгтгэсэн тайланг энэ оны эхний хагас жилд багтаан аудит хийх ёстой, иймд олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тайлангаа ойрын үед саадгүй гаргаж, аудитын компаниар баталгаажуулсан байхыг анхааруулья. Мөн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн тайланг гаргана. 2007 оны тайланг үнэн зөв гаргахын тулд сургалт, семинар зохион байгуулах болно.

 

Монголын Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачлагын үндэсний зөвлөл, ажлын хэсэг, ажлын алба