“Таван толгой”орд газрын 93.6 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх болов

A- A A+
“Таван толгой”орд газрын 93.6 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх болов

“Таван толгой” орд газрын 93.6 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх болов (2008-03-21)

Тавантолгойн орд газрын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Энержи ресурс” ХХК-тай яриа хэлэлцээ явуулах Засгийн газрын ажлын хэсгийг 2007 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас байгуулж, ажлын хэсэг тус компанитай есөн удаа хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээрүүдийн үр дүнд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд шилжүүлэх тохиролцоонд хүрсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албаны дарга С.Батбаатарын өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэхүү хэлэлцээр ёсоор “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж буй зургаан лицензийн тавыг нь төрийн мэдэлд шилжүүлж, нэгийг нь тус компанийн мэдэлд үлдээжээ. Төрийн мэдэлд шилжүүлж буй талбай нь:
1. Тавантолгой нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га талбай.
2. Тавантолгой нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га талбай.
3. Шар тээг нэртэй 11955А тусгай зөвшөөрөл бүхий 24532 га талбай.
4. Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12890 га талбай.
5. Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөвшөөрөл бүхий 23461 га талбай.
Энэхүү тохиролцооны үр дүнд төрийн мэдэлд нийт 68532 га талбай шилжихээр болжээ.

Харин  “Энержи ресурс” ХХК-ийн одоо эзэмшиж буй Ухаа худаг нэртэй 11952А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га талбайн булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож, тус компанид үлдээхээр тохиролцсон байна. Ухаа худаг нэртэй шинэчилсэн талбай нь нийт талбайн дөрвөн хувь болж байгаа аж. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс”-ийн эзэмшиж байсан нийт талбай дахь эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөцийн 93.6 хувь нь төрийн мэдэлд шилжлээ гэсэн үг юм.

 “Энержи ресурс” ХХК Засгийн газарт шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд оруулсан хөрөнгө оруулалтыг эргэн төлөхийг шаардахгүй байх үүрэг хүлээсэн байна. Мөн Засгийн газрын шилжүүлэн авч буй тусгай зөвшөөрөл бүхий талбайг Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй, эсвэл түүний хувь оролцоо бүхий этгээдтэй хамтран эзэмших тохиолдолд “Энержи ресурс” ХХК-д тэргүүн ээлжинд санал болгохоор гэрээний төсөлд тусгасан байна.

Стратегийн орд газруудын ашиглалтын асуудлаар Засгийн газарт зөвлөгөө өгөх Олон улсын зөвлөхүүдийн багийг журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллахыг дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн гэж Засгийн газрын хэвэлийн албаны дарга С.Батбаатар мөн мэдээллээ.  Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах журам”-ын дагуу хийх ажээ. Оюутолгой, Тавантолгой төсөл, төслүүдийн хууль эрх зүйн орчин зэрэг асуудлаар зөвлөгөө авах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.