Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тайлан 2007
Монгол Нээлттэй Нийгэм Форум, Глоб интернэшнл ТББ Хэвлэсэн: 2008
Энэ тайлан нь Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилготой юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан нийгмийн салшгүй хэсэг юм. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл бол улс төрч, эрх баригчдаас ард түмэнд өгч буй бэлэг биш. Харин ардчилсан нийгэмд амьдарч буй хүний суурь эрхийн нэг билээ. Хараат бус хэвлэл мэдээллийн улс төр, эдийн засаг, эрх зүйн таатай орчинг хэрхэн бүрдүүлж буй нь төрөөс иргэндээ үйлчлэх үүргийн биелэлтийн хэмжүүр болдог. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид төр, түүний эрх баригчдад бус олон түмэнд үйлчилж, нийгмийн хоточ нохой байж, эрх мэдлийг хянах үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан нааштай хууль тогтоомж байгаа хэдий ч амьдрал дээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөөр байна. Энэ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж, сэтгүүлчид үнэн мэдээлэл түгээж чадахгүйд хүрч, ардчилал, нийгмийн эрх ашигт бодитой хор хохирол учруулж буй юм. Манайд цагдан хяналт (цензур)-ыг хуулиар хориглосон ч ил болон далд хэлбэрээр байсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоож, сэтгүүлчдийг өөртөө үйлчлэхийг шаардах нь ардчиллын мөн чанар, хэм хэмжээ, зарчмаас гадуур үл тэвчиж болох үйлдэл юм.
Хүүхдийн хөдөлмөр
Монгол Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага Орчуулсан: Ц.Эрдэнэчимэг, Ж.Энхтуул, С.Золзаяа Хянасан: Т.Амаржаргал, Р.Гантөмөр, Б.Баясгалан Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг Хэвлэсэн: 2008
Өнөөдөр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай асуудал олон байгууллага, хүмүүсийн анхаарлыг татсаар байна. Хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг судалгааны төслүүдийн хүрээнд судалж, энэ асуудлаар олон ном, товхимол судалгааны тайлан хэвлэгдэж олны хүртээл болжээ. Энэ асуудлыг ийнхүү өргөн хүрээнд авч үзэх болсны шалтгаан нь эдүгээ дэлхий даяар маш олон хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас гадна тэдний хийдэг зарим ажил хүүхдийн бие бялдар, оюун санаанд эдгэшгүй хор хохирол учруулахаар барахгүй амь насанд нь аюултай байдагтай холбоотой. Энэхүү ном нь бидний хүрээлэн буй нийгэмд бодитой оршиж байгаа нэн чухал боловч бидэнд тэр бүр анзаарагддаггүй нийгэм эдийн засгийн асуудлыг гүнзгийрүүлэн ойлгох эрмэлзэлтэй дэлхий дахины олон оюутанд зориулагдсан болно. "Хүүхэд " гэдгийг 18 наснаас доош настай хүн гэж тодорхойлдог. Өнөөдөр дэлхий дээр ажил эрхэлж буй хүүхдийн тоо бид бүхний төсөөлөн бодож байгаагаас ч олон гэж хэлж болно. Учир нь нэгдүгээрт, хүүхдийн хөдөлмө-рийн олон төрөл хэлбэрийг ихэвчлэн дутуу хагас мэдээлдэг, хоёрдугаарт, ихэнх улс орон өөрийн орныхоо йжил эрхэлдэг хүүхдүүдийн тоог үнэн зөв мэдээлэх дургүй, мэдээлсний төлөө ямар ч урамшуулал байдаггүйтэй холбоотой юм. Гэвч статистикийн тоо баримтаас харахад 5-14 насны 211 сая хүүхэд, 15-17 насны 141 сая хүүхэд "эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа" буюу ямар нэг төрлийн ажил эрхэлдэг гэсэн баримт байдаг. Эдгээр тоо, баримтаас дараах асуулт зайлшгүй урган гарч байна. Үүнд хүүхдүүд яагаад ажил эрхлэх болдог вэ? Тэднийг ажил эрхлэхэд хүргэж буй ямар хүчин зүйлс байна вэ? Яагаад нийгмийн зүгээс хүүхдийг ажил хийхийг хүлээн зөвшөөрөөд байна? гэх мэт асуултууд орно. Хүүхдийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд ихэнх хүмүүс тэдний эрхэлж буй хөдөлмөрийг судалдаг. Тэд ийнхүү судлахдаа хүүхэд яагаад ажил эрхэлдэг, тэдний сургууль ба боловсролын асуудал ажил эрхлэхтэй ямар холбоотой болох, хүүхэд ажил хийх ёетой юу, ажил хийлгэх шийдвэрийг хэн гаргадаг, хийдэг ажлын онцлог, хөдөлмөрлөх орчин нөхцөл, ажил эрхлэлтээс хэн ашиг хүртдэг, хүүхдийн эрүүл мэндийн байдал болон ажил хийх нь тэдэнд сайн зүйл мөн үү гэх мэт олон асуултыг асуудаг. Энэ номонд эдгээр асуултын тухай нилээд нарийн авч үзэх болно. Эдгээр асуултын заримынх нь хариулт нэлээд тодорхой боловч нөгөө нэг хэсгийнх нь хариулт өнгөц харахад илэрхий мэт боловч цогц нарийн төвөгтэй асуудлыг багтаасан байдаг.
Улс төрийн намын санхүүжилтийн Мониторинг
Монгол Нээлттэй Нийгэм Форум, Сонгогчдын боловсрол төв Боловсруулсан: С.Оюунтуяа Хянасан: Р.Бурмаа Хэвлэсэн: 2008
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, нээлттэй байх асуудлыг дэмжих замаар улс төр дэх мөнгөний үүрэг ролийг бууруулах, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү мониторингийн төслийг хэрэгжүүлэв. Монгол улс дахь улс төрийн намын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалт, хэрэгжилтийн байдал ямар түвшинд байгааг бодит мэдээлэл, баримтад тулгуурлан боловсруулсан энэхүү мониторингийн тайлан улс төрийн намын үйл ажиллагааны ил тод, нээлттэй, тунгалаг байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |