Хэвлэлийн мэдээ

A- A A+
Хэвлэлийн мэдээ

 Монгол Улс дахь  Иргэний болон улс төрийн эрхийн тухай
олон улсын пактын (ICCPR) хэрэгжилтийн талаар  
ТББ-ууд сүүдэр илтгэл бичнэ

Монгол улсын Засгийн газар  2011 оны 3 дугаар сарын 14-нөөс 21-нд АНУ-ын Нью-Йорк хотод болох НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх ээлжит  5  дахь илтгэлээ хэлэлцүүлэх гэж байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан  “Глоб Интернэшнл” ТББ, Хүний эрх хөгжил төв хамтран Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн дэмжлэгтэйгээр  2011 оны 2-р сарын 16-ны өдөр “Монгол Улсад Иргэний  болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөн  зохион байгууллаа.   

Тус сургалт – зөвлөгөөний үеэр Монгол Улс дахь  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаар  ТББ-уудын форумаас   илгээх Сүүдэр илтгэлийн агуулгыг хэлэлцэн тодорхойлсон болно. Төрийн бус байгууллагууд НҮБ-ын Хүний Эрхийн Хороо  тайлан итгэлийг хэлэлцсэний дараа гаргах дүгнэлт зөвлөмжийг олон нийтэд тараан сурталчлах, Засгийн газарт  хандан гаргасан баримт бичгүүдтэй танилцан, үүрэг, зөвлөмжүүдийг нь хэрэгжүүлэхийг Засгийн газраасаа шаардах, нөлөөлөх үйл ажиллагаа явуулна.

НҮБ-ын  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт” нь  хүний  амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх, чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчөөрөө уламжлан оролцох,  сайн дурын үндсэн дээр гэрлэх, өрх тусгаарлах,  өмчтэй байх,   хүн бүр хуулийн өмнө адил тэгш  хамгаалуулах,   улсынхаа дотор чөлөөтэй зорчих, амьдран суух газраа чөлөөтэй сонгох зэрэг хүний иргэний болон улс төрийн суурь эрхүүдийг багтаасан  Хүний эрхийн үндсэн баримт бичгийн нэг юм.

Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт” –д 1968 оны 01 дүгээр сарын 05-нд гарын  їсэг  зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталжээ. Монгол улсын засгийн газар тус гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ээлжит 5 дахь  илтгэлээ  2003 оны 3 дугаар сарын 31-нд  НҮБ-ын Хүний эрхийн Хороонд явуулах байсан ч  2009 оны 6 дугаар сард буюу хугацаанаас 6 жилийн дараа илгээсэн байна.