Хэвлэлийн мэдээ 2010.11.02

A- A A+
Хэвлэлийн мэдээ 2010.11.02

2010 оны 11 дүгээр сарын  2-ны өдрийн 10-13 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн 9 дэх хуралдаанд Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.  
Хуралдаанд оролцогч улсуудаас ХЭЗ-ийн гишүүн 24, ажиглагч 19 нийт 43 улсын төлөөлөгчид цаазаар авах ялыг халах, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд болон алслагдсан нутаг дах малчдын эрхийг хангах, хамгаалах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зэрэг олон чухал асуудлыг хөндсөн асуултыг МУ-ын Засгийн газарт тавьж, зөвлөмж  өглөө. Тухайлбал, цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагыг бүх гишүүн улсын зүгээс сайшаахын зэрэгцээ ойрын хугацаанд цаазаар авах ялыг бүрмөсөн халахыг зөвлөлөө.
Монгол улс НҮБ-ын хүний эрхийн гол гэрээ конвенцуудад нэгдэн орсон хэдий ч гэрээний хэрэгжилтийн талаар бодит мэдээлэлд тулгуурласан, үнэлгээ дүгнэлт бүхий тайлан илтгэлийг цаг тухайд нь хүргүүлэхгүй байгаад бусад улсууд онцлон тэмдэглэж, энэ чиглэлээр цаашид анхаарч ажиллахыг зөвлөсөн. Түүнчлэн, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протокол, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол, Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенци, Хүчээр сураггүй алга болгохын эсрэг конвенци, Дүрвэгсдийн конвенци зэрэгт нэгдэж орохыг зөвлөв. 
Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмуудыг олон улсын зүгээс сайшаахын зэрэгцээ Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн үр нөлөөг дээшлүүлэх, хэрэгжилтэд мониторинг хийх, Хүний эрхийн үндэсний комиссыг Парисын зарчимд улам бүр нийцүүлэх, Үндсэн хуулийн цэц хувь хүний хүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг алхмуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр улс орнуудын тавьсан асуултад МУ-ын ЗГ-ын төлөөлөгчдийн өгсөн зарим хариулттай ТББ-ын форум санал нийлэхгүй байна. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь сонгогчдын буруу мэтээр тайлбарлаж, нийгэм дэх эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хандлагыг өөгшүүлж, энэ чиглэлээр МУ-ын ЗГ-ын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ зайлсхийсэн мэдэгдэл хийснийг буруушааж байна.
Бэлгийн цөөнхийн эсрэг цагдаа, хууль сахиулах байгууллагын зүгээс үзүүлж буй дарамт, хавчлагын талаар албан ёсны мэдээ баримт байхгүй гэсэн шалтгаанаар асуудлыг үгүйсгэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаа шалтгаанаа байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсч буй хүний эрхийн зөрчлүүдийг үгүйсгэсэн, энэ чиглэлээр төр хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байгаагаа хаацайлсан мэдэгдэл боллоо. Мөн 7 сарын 1-ний үеээр амиа алдсан иргэдийн хэргийг мөрдөн шалгах үйл явцын талаархи асуултад хариулахдаа хэргийг  нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэмээн үнэнд үл нийцсэн  хариулт өгсөнд харамсаж байна.
Монголын ТББ-ын Форумаас НҮБ-ын ХЭЗ-ийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн хүрээнд бэлтгэсэн мэдээллийг нухацтай судалж, ТББ-ын төлөөлөлтэй биечлэн уулзаж, ХЭЗ-ийн хуралдааны үеэр Монголын хүний эрхийн асуудлыг дэвшүүлэн тавьсан улс орнуудын ЗГ-ын төлөөлөгчдөд талархахын ялдамд, МУ-ын ЗГ энэхүү зөвлөмжүүдийг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.