УИХ-ын дөрөвдэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Парламент хаалтаа хийлээ (2008-07-22)

A- A A+
УИХ-ын дөрөвдэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Парламент хаалтаа хийлээ (2008-07-22)

УИХ-ын дөрөвдэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Парламент хаалтаа хийлээ (2008-07-22)

УИХ-ын дөрөвдэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламент бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буйтай холбогдуулан өнөөдөр 11.15 цагт хаалтын хуралдаанаа хийлээ. УИХ-ын чуулганы хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нар оролцсон бөгөөд
УИХ-ын дарга Д.Лүндээжанцан өнгөрсөн дөрвөн жилд буюу 2004 оны долдугаар сарын 23-наас  2008 оны долдугаар сарын 22 хүртэлх хугацаанд  УИХ-аар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, шийдвэрийн талаар болон улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар үг хэлсэн байна.  Хаалтын хуралдаанд УИХ-ын 58 гишүүн оролцож, ирц  76.5 хувьтай байв.

Дөрөвдэх удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ыг хааж УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн хэлсэн үг  (2008-07-22)


Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо.

Монгол Улсын Их Хурлын 2004 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хамгийн сүүлчийн буюу 13 дахь удаагийн ээлжит чуулган болох 2008 оны хаврын чуулганы ажиллагаа өндөрлөх гэж байна.
Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент улс төрийн өвөрмөц нөхцөлд ажилласнаараа онцлогтой байлаа. 2004 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангүй тэнцвэртэй төлөөлөл бүхий олонхи, цөөнхигүй парламент бүрдсэн нь улс төрийн голлох намуудад нэгдэн зохицож, хамтран зөвшилцөж ажиллах шинэ нөхцлийг бий болгож, тэгж ч ажиллах шаардлагыг бүрдүүлсэн билээ. Парламентад хамгийн олон суудал авсан МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөлд хүрч хамтарсан Засгийн газраа байгуулж ажиллуулсан юм. Зөвшилцлийн үйл явц нь өөрөө улс төр, ардчиллын чухал үзэгдэл байлаа. Чухамхүү энэ үед улс төрийн нам, хүчнүүд харилцан ойлголцож, улс орны хөгжил дэвшил, ард түмний эрх ашгийн амин чухал асуудлууд дээр санал нэгдэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хамтран боловсруулж Улсын Их Хурлаар батлуулан мөрдүүлж ажиллалаа. Хэдийгээр Засгийн газрууд солигдож байсан ч гэсэн парламентаар батлуулсан эл хөтөлбөрийг тухайн үеийн Засгийн газрууд хэрэгжүүлж ажилласныг тэмдэглэх хэрэгтэй.

Улсын Их Хурлын үндсэн бүтэц болон ажиллаж байсан “Эх орон-Ардчилал” эвсэл задарч парламентад шинэ нөхцөл бүрдэж байснаас авахуулаад улс төрийн тодорхой үйл явц өрнөж байсан боловч Монгол Улсын төрийн бодлогын залгамж чанар, нэгдмэл байдал бодитойгоор хадгалагдаж ирсэн билээ. Парламент дахь улс төрийн хүчнүүдийн ойролцоо төлөөлөл бүхий нөхцөлд л батлагдах боломжтой төрийн бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдийг энэ удаагийн УИХ хэлэлцэн баталж чадсан гэж үзэж байна.

Улсын Их Хурлын өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагаа нь бодлогын өөр өөр үзэл баримтлал, байр суурийн мэтгэлцээн, ойлголцлын орчинд явагдаж улс төрийн соёл, ардчиллын хөгжлийн сургамж болж байснаараа манай улсын парламентат ёсны түүхэнд онцгой байр суурь эзлэх болно.

Манай парламентын бүрэн эрхийнхээ хугацаанд хийж амжуулсан ажлуудыг тоон үзүүлэлтээр товчоолон гаргавал Улсын Их Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус, хүндэтгэлийн, түүнчлэн онцгой чуулганыг оролцуулаад нийт 13 удаагийн чуулган болж, 315 удаа нэгдсэн хуралдаан хийж, түүнд 1035 цаг зарцуулсан байна. Засгийн газрын мэдээллийг 49 удаа сонсжээ.

УИХ-ын Байнгын хороод 964, дэд хороод 14 удаа хуралдаж, давхардсан тоогоор 2269 асуудал хэлэлцэж, 5579 санал, дүгнэлт, танилцуулга, 266 тогтоол гаргасан байна. Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд бэлтгэх, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдааныг 549 удаа зохион байгуулжээ. Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 100 орчим ажлын хэсэг байгуулж, мөн тооны хууль, тогтоолын биелэлтийг шалгасан байна.

Энэ удаагийн Улсын Их Хурал нийт 524 хууль батласнаас бие даасан хууль 155, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 336, хууль хүчингүй болсонд тооцсон хууль 33, Улсын Их Хурлын тогтоол 372-ыг батлан гаргажээ. Энд дурдагдсан тоо болгоны цаана төрийн бодлого тодорхойлсон, улс орны амьдралыг зохицуулсан шийдвэрүүд бий. Түүнчлэн тоо бүхэн бодитой ажил, ажлын чанарыг илэрхийлж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байна.

УИХ үйл ажиллагааныхаа эхэн үед Монгол улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлан гаргаж, хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Авилгын эсрэг, Улс төрийн намуудын тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын сонгуулийн тухай зэрэг хуулиудыг олон намын төлөөлөл бүхий энэ удаагийн парламент л батлан гаргаж чадлаа. Эдгээр хуулиудын заримыг нь цаг үеийн шаардлага, нөхцөл байдалтай уялдуулан эргэн харж өөрчлөлт оруулах хэрэгцээ гарах нь ч ойлгомжтой.

Улсын Их Хурал нь бүрэн эрхийн хугацаанд эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн шинэтгэлийн чанартай олон хуулийг хэлэлцэж баталлаа. Тухайлбал, албан татварын хуулиудыг багцаар шинэчлэн баталж, олон жил яригдаж байсан татварын шатлалыг цөөлж, дарамтыг бууруулах алхам хийсэн нь эдийн засгийг эрүүлжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийг хангах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон билээ.
Аж үйлдвэрийг хөхиүлэн дэмжих, уул уурхайн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэн байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж, гадаадын хөрөнгө оруулалтын зохистой харьцааг бий болгон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн дээр үндэсний эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр энэ удаагийн парламент багагүй хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Үүний үр дүнд Монгол улс стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудыг эзэмшиж, газрын хэвлийн нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулан, хүн арддаа эх орныхоо байгалийн баялгаас хишиг хүртээх хуулийг батлан гаргах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэв.

Улсын Их Хурал бүтээн байгуулалтын шинжтэй авто зам тавих, өндөр хүчдэлийн шугам барих, хөдөө орон нутагт үүрэн телефонтой болгох, телевизийн олон суваг үзэх боломжийг хангах зэрэг томоохон асуудлыг шийдвэрлэж, улс орны ирээдүйн хөгжлийн нөхцлийг бүрдүүлэхэд дорвитой алхам хийлээ. Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Төмөр замын тухай зэрэг дэд бүтцийн салбарын хуулиудыг батлан гаргалаа. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг хэвийг байлгах, шинэ эх үүсвэрийг бий болгох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг бууруулахгүйгээр төв, орон нутгийн иргэдийн аль алиных нь ашиг сонирхолд нийцсэн бэлтгэн нийлүүлэлтийн олон шат дамжлагагүй тогтолцоог бий болгох, улсын нөөц бүрдүүлэх чиглэлээр УИХ анхаарч ач холбогдол бүхий шийдвэрүүдийг гаргав.

Улс орны эдийн засагт бий болсон таатай нөхцөл боломжийг зөв ашиглан хүн ардынхаа ахуй, амьдралыг дээшлүүлэх, нийгмийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэн бататгахад зарчмын ач холбогдолтой олон хуулийг батлан гаргасан нь амьдралд бодитойгоор хэрэгжиж байна. Хүн амын нийгмийн халамж, хамгааллын талаар улс төрийн намуудын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтууд биеллээ олж, шинээр төрсөн хүүхэд, шинэ гэр бүл бологсод,18 хүртэлх насны бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох, ахмад настан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхчүүдэд нэмэгдэл мөнгөн тэтгэмж туслалцаа үзүүлэх асуудлууд шийдэгдэн хэрэгжиж байна. Түүнчлэн УИХ-аас батлан гаргасан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох, тэтгэврийн зөрүүг арилгах, хөдөлмөрийн хөлсний болон тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хүний аюулгүй байдлыг хангах шийдвэрүүд хэрэгжиж, нийгмийн даатгалын тогтолцоог үндсээр нь шинэ шатанд гаргах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэв. Гэсэн хэдий ч үнийн өсөлт тогтворжихгүй, ядуурал олигтой буурч өгөхгүй байгаа нь бидний сэтгэлийг зовоосон хэвээр байна.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход УИХ анхаарлаа хандуулав. Байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудал ч парламентын анхаарлын гадна байсангүй. Химийн хорт бодисын тухай, Ойн тухай, малын эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиудыг батлан гаргав.
Улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцааны асуудалд анхаарлаа хандуулж олон улсын ач холбогдол бүхий хэд хэдэн конвенцэд нэгдсний гадна манай улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Гамшгийн тухай хуулийг баталж онцгой байдлын албыг бие даалган ажиллуулав. Хууль хяналтын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллагчдыг чадваржуулахад чиглэсэн арга хэмжээ авав. Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачилсны дагуу Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан төрийн албыг улс төрөөс ангид тогтвортой ажиллуулах боломжийг хуульчилж өгөв.

Манай улс нь 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн 189 орны нэг билээ. Энэ удаагийн УИХ Монгол улсын мянганы хөгжлийн зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоолоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэлэлцэн шийдвэрлэх нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг манай парламентад ноогдлоо. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталснаар Монгол орон урт удаан хугацаанд тогтвортой мөрдөх, Засгийн эрхийг барьж байгаа ямар ч улс төрийн хүчин өөрийн үзэл баримтлалаас үл хамааран хэрэгжүүлэх стратегийн тулгуур баримт бичигтэй болсон нь бахархууштай юм. Гагцхүү түүнийг хэрэгжүүлэх үүрэг дараа дараачийн Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө тулгарч байна.

Монголчууд бид 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхийн улс гүрнүүдийн хамт өргөн дэлгэр тэмдэглэснийг бүгд мэднэ. Улсын Их Хурал энэ үйл явлыг тохиолдуулан хүндэтгэлийн чуулган хийсэн. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулганаас “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг нийтээрээ тэмдэглэх тухай” тусгай тогтоол батлан гаргаж дэлхийн бүх улс орон, олон улсын байгууллагуудад уриалсан нь Монгол улсын түүх, соёл иргэншил, түүний өнөөгийн байдлыг дэлхий дахинд сурталчлан таниулах, олон улсын тавцанд Монгол улсын нэр хүндийг өргөх, дэлхийн улсууд, тэдгээрийн ард түмэнтэй тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

2004 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал ололт амжилт, алдаа оноог хослуулан, сайшаал зэмлэлийг хүлээж байсан ч гэсэн Монгол улсын хөгжлийн хэтийн бодлогыг тодорхойлох, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, улс нийгэм, ард иргэдийн эрх ашгийг хөндсөн шинэчлэлийн томоохон зорилтуудыг шийдвэрлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсныг тэмдэглэхэд таатай байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ.
Өнөөдөр бид УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн хугацаанд түр завсарласан отгон чуулганаа хаах, энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусгавар болох 2 үйл явц давхцаж байгаа болохоор би энэ хаврын чуулганы гол үр дүнгийн талаар товч зүйлийг хэлэхийг хүсч байна.

УИХ-ын 2008 оны хаврын ээлжит чуулган татвар, гаалийн салбарт шинэчлэл хийсэн, нийгмийн хамгааллыг бэхжүүлсэн, төрийн албыг улс төрөөс ангид тогтвортой байлгах, газрыг Монгол улсын иргэн бүрт өмчлүүлэх зэрэг чухал шийдвэр гаргасан онцлогтой чуулган байлаа.

Та бид бүрэн эрхийнхээ хамгийн сүүлчийн чуулганаар Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай, Гаалийн тариф, татварын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай, УИХ-ын сонгуулийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай зэрэг хуулиудийг батлан гаргалаа. Мөн Орон нутгийн Хурлын тухай, Төрийн албаны тухай, Дипломат албаны тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай зэрэг 50 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.

Улс төрийн амаргүй нөхцөлд ажиллаж Улсын Их Хурлын сонгуулийн чухал ажил давхацсан байсан хэдий ч УИХ-ын 2008 оны хаврын чуулган шахуу хугацаанд нилээд ачаалалтай ажиллаж, төлөвлөсөн ажил, дэвшүүлсэн зорилтоо биелүүлсэн дүнтэйгээр өндөрлөж байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ.
Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох өндөр хариуцлагатай албанд бие сэтгэлээ харамгүй зориулж, хамтран зүтгэсэн нэг ангийн анд нөхөд Та бүхэндээ талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
Бидний ажилласан бүрэн эрхийн хугацаанд баяр жаргал, зовлон гуниг хосолсон цаг үе ч байлаа. УИХ-ын гишүүн Ономоогийн Энхсайхан, Жанлавын Наранцацралт нар ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бидэнд нөхөж баршгүй хохирол учирсан билээ. Эрхэм нөхдийнхөө гэгээн дурсгалыг чуулганы хаалтын энэ өдөр эргэн дурсаж байна.

Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгуулийн санал хураалтанд өндөр идэвхтэй оролцсон иргэд, сонгогчиддоо талархаж байна. Та бүхний маань сонгосон сонголтын үр дүнд төрийн үйл хэрэг амжилттай, түмэн олон эрүүл энх аз жаргалтай байж, амар тайван ажиллаж амьдрах таатай сайхан нөхцөл бүрдэж, амьдралын чанар эрс дээшлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. УИХ-ын 5 дахь удаагийн сонгуулиар манай парламентийн гишүүдийн 40 хувь нь дахин сонгогдож, ард түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-д үргэлжлэн ажиллахаар болжээ. Эдгээр гишүүддээ баяр хүргэе.

УИХ-дахь МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл хийгээд бусад намуудын төлөөлөл нь парламентаар аливаа асуудлыг хэлэлцуүлэн шийдвэрлэхэд олон ургальч үзэл, санал бодлоо уралдуулан улс эх орныхоо эрх ашгийн үүднээс хандан аль болох зөвшилцөл ойлголцлын төлөө нэгдэн ажиллаж байсныг цохон тэмдэглэж байна.
Төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-тай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байсанд Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр танд талархаснаа илэрхийлье.

Үндсэн хуулийн цэц болон шүүх эрх мэдлийн бусад байгууллагуудтай Монгол улсын Үндсэн хуулийн хүрээнд байнгын харилцаатай ажиллаж ирснийг тэмдэглэж байна. Түүнчлэн парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байсан нийт байгууллага, хамт олон, үүний дотор олон улсын байгууллагуудад талархалаа илэрхийлж байна.

Энэхүү парламентийн үед ажилласан үе үеийн Засгийн газар, үүний дотор Ерөнхий сайд С.Баярын тэргүүлсэн одоогийн Засгийн газрын зүгээс УИХ-аар батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж ахуй амьдралыг нь дээшлүүлэх, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зэрэгт хүчин чармайлт гарган ажиллаж ирснийг тэмдэглэж байна.

Цаашид ашигт малтмалын нөөц баялгийг ашиглах, үнийн өсөлтийг хязгаарлаж, улмаар тогтворжуулах, шударга бус өрсөлдөөнийг төрөөс хянан зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж хэрэгжүүлэх асуудал нь шинээр байгуулагдах парламент, Засгийн газрын эхний ээлжинд анхаарч, хэрэгжүүлэх ажил мөн гэж үзэж байна.
Улсын Их хурлаас батлан гаргасан нийт хуулиудын уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгоход шинээр байгуулагдсан УИХ анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.
Нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт 2008 оны оны 7 дугаар сарын 1-ний өдөр хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд нь халдаж, эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд болон зарим байгууллагын өмч хөрөнгөнд зэрлэгээр халдан дайрч, эвдэн сүйтгэж эд материалын хийгээд сэтгэл санааны ихээхэн хохирол учруулсанд Улсын Их Хурал гүнээ харамсаж байгаагаа дахин илэрхийлж байна.

Монгол оронд ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990 оноос хойших үе үеийн парламент нь хүчирхийлэл гаргуулахгүйн төлөө явж ирсэн, цаашид “хар дарсан зүүд шиг” ийм явдал гаргуулахгүйн төлөө чармайн ажиллах ёстой. Манай УИХ дахь улс төрийн намуудын бүлэг, зөвлөл, төлөөллүүд хүчирхийллийн эсрэг нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно. Улс төрийн аливаа ээдрээтэй асуудлын талаар парламент дотроо мэтгэлцээний журмаар хэлэлцэн шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол улс эрчимтэй хөгжлийн торгон агшинд тулж ирээд байна. Энэ эгзэгтэй үед монгол орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, хүн ардынхаа аж амьдралыг бодитойгоор дээшлүүлэх, ажлын байрыг дорвитой нэмэгдүүлж хүмүүсийн амьдралын чанарыг эрс сайжруулах талаар монголчууд бид эв эеэ хичээж, УИХ, Засгийн газраасаа авахуулаад нийт байгуулага, аж ахуйн нэгж, иргэн бүр хүчин чармайлт тавин ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа хаасныг мэдэгдье. Та бүхэнд баярлалаа.

2008 оны 7 сарын 22