2009 оны үндсэн чиглэл болон төсвийн төслийг өргөн барив (2008-10-01)

A- A A+
2009 оны үндсэн чиглэл болон төсвийн төслийг өргөн барив (2008-10-01)

2009 оны үндсэн чиглэл болон төсвийн төслийг өргөн барив (2008-10-01)

Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх нар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2009 оны үндсэн чиглэл болон 2009 оны улсын төсвийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ.

Сангийн сайд С.Баярцогтын ярьснаас үзвэл 2009 оны үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа, манай улсын жилийн инфляц нь 34 хувьд хүрсэн нөхцөлд хөгжлийн бодлогоо яаж тодорхойлох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулсан бөгөөд  эдийн засгийн өсөлтийг хангах уул уурхайн төслүүдийн хууль эрх зүйн орчныг нь сайжруулж батлах, эхлүүлэх ажлыг тусгасан аж. Ашигт малтмалын баялгаас иргэддээ хүртээх асуудлыг мөн тусгахдаа стратегийн болон томоохон уул уурхайн орд газруудаас орж ирж буй баялгаас бүрдэх санг байгуулж, энэ сангийн орлогоос иргэдэд хувь хүртээх ажлыг эхлүүлнэ гэсэн хэлбэрээр оржээ. Хүнсний болон тогтмол зардлын өсөлтөд бага орлоготой иргэд нэрвэгдэх магадлалтай хүмүүсийг хамгаалах зорилгоор тэтгэврийг нэмэх зорилт тавьсан аж. Инфляцийг 12 хувь хүртэл бууруулахаар төлөвлөжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өндөр буюу долоон триллион төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ 2274.5 ам. долларт хүргэх чиглэлийг барьсан аж.

Түүнчлэн улсын төсөв 168 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Төсвийг хумих бодлогыг мөнгөний хатуу бодлоготой уялдуулж чадвал инфляцийг буулгаж чадах юм байна гэсэн зорилготойгоор төсвийн төслийг боловсруулсан гэж Сангийн сайд мэдэгджээ.

Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх хэлснээр бол ирэх жилийн өдийд инфляцийг 12, 2010 онд 10 орчим, 2011 онд 6.5 хувьд хүргэхээр тооцоолжээ. Инфляцийн өсөлтөд гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлсөн. Дотоод нэг хүчин зүйл нь мөнгөний өндөр өсөлт. Мөнгөний өсөлт сүүлийн тав, зургаан жилд жил бүр 30 хувиар нэмэгдэж ирсэн хэмээн тэрбээр ярьжээ.