Оюу Толгойн 34, Тавантолгойн 51 хувийг төр эзэмшинэ (2008-11-18)

A- A A+
Оюу Толгойн 34, Тавантолгойн 51 хувийг төр эзэмшинэ (2008-11-18)

Оюу Толгойн 34, Тавантолгойн 51 хувийг төр эзэмшинэ (2008-11-18)      

Ашигт малтмалын хуулийг өөрчлөхгүйгээр гэрээ байгуулах ийм төслийг ажлын хэсгийнхэн боловсруулжээ. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах үүрэгтэй УИХ-ын ажлын хэсгийнхэн хоёр хувилбараар төсөл боловсруулсан байна. Эхний төсөл нь өмнөх УИХ-ын үед гишүүдийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр ч хуулийн төслийг буцаах тухай. Санаачилсан гишүүдийн олонхийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан учир төслийг буцаах саналыг ажлын хэсгийнхэн боловсруулжээ. Харин хоёрдугаар хувилбар нь одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхгүйгээр Оюутолгой, Тавантолгойн ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай төсөл. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд хоёрдугаар хувилбарыг дэмжиж буй аж.

Оюутолгой, Тавантолгойн ордыг хөрөнгө оруулагчидтай хамтарч ашиглах тогтвортой байдлын гэрээг байгуулах удирдамжийг мөн бэлэн болоод байгаа аж. Энэ удирдамжид Тавантолгойн 51, Оюутолгойн 34 хувийг Монголын төр эзэмшихээр заажээ. Гэхдээ анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюутолгойн ордын төрийн эзэмшлийн хувийг 50 болгох боломжийг судлах гэсэн бүрхэг заалтыг төсөлд үлдээсэн бололтой.

Эдгээр ордыг эзэмших хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын хуулийн 29.3-д заасан хугацаагаар байгуулбал “Эхний таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш ам.доллартай тэнцэх бол арав, 100 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 15, 300 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар гэрээ байгуулах” юм байна.

УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан төслүүдийг бүрэн эхээр нь нийтэллээ.

ТӨСӨЛ 1. УИХ-ын тогтоол: Хуулийн төслүүд буцаах тухай

Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.5, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь:

  1. УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Ч.Авдай нарын 15 гишүүний 2008 оны гуравдугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн болон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн нарын дөрвөн гишүүний 2008 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хууль санаачлагчдын олонхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул хуулийн төслүүдийг буцаасугай.
  2. Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд болон УИХ-ын “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоолд нийцүүлэн боловсруулах, шаардлагатай бол Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулж, 2008 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
  3. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх, түүнчлэн иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн саналыг нухацтай судлах замаар геологи, уул уурхайн салбарын эрхзүйн зохицуулалт, орчинг сайжруулах талаар тодорхой санал, дүгнэлт бэлтгэн УИХ-д танилцуулахыг ажлын хэсэг /УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн/-д үүрэг болгосугай.

ТӨСӨЛ 2. УИХ-ын тогтоол: Үндсэн зарчим, удирдамж батлах тухай

Дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас шалтгаалан ашигт малтмалын гаралтай зарим бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ болон уул уурхайн томоохон компаниудын хувьцааны үнэ буурч, эрдэс баялгийн салбарт оруулах хөрөнгө оруулалт багасах хандлагатай байгааг харгалзан, цаашид үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах боломжийг нээх, тэдгээрийн ашиглалтаас олсон орлогоос өөрийн орны иргэдэд хүртээх боломж, эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хугацааг түргэтгэх зорилгоор Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь:

  1. Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг нэгдүгээр хавсралтаар, Оюутолгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газраас байгуулах ажлын явцад хяналт тавин ажиллаж, Тавантолгойн нүүрсний болон Оюутолгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахыг УИХ-ын даргын 2008 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг /УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн/-д даалгасугай.

УИХ-ын тогтоолын нэгдүгээр хавсралт

Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж

  1. Гэрээг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлж хийх.
  2. Тавантолгойн ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх боломжийг судалж үзэх.
  3. Хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурлан хийх хувилбарыг судлан үзэх.
  4. Ордын уул-геологийн нөхцөл, нөөцийн хэмжээтэй уялдуулан нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, тооцох арга хэлбэр, хуваарилалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу оновчтой хэрэгжүүлэх. Гэрээн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох.
  5. Монголын төрийн хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татвар, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр тооцож болохоор тохиролцох.
  6. Ордыг ашиглахад шаардлагатай шинээр барих хот тосгон болон эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбогдолтой барилга байгууламжуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар гэрээнд тусгах.
  7. Аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага, гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох.
  8. Үйлдвэрлэлд ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг хуульд нийцүүлэн тохиролцох.
  9. Байгаль орчин, хүн, амьтанд хор хөнөөлгүй, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах талаар болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг ордын хайгуул, ашиглалтын бүхий л үе шатанд хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн гэрээнд тусгах.
  10. Гэрээ байгуулах санал боловсруулахдаа уул уурхайн салбарын туршлагатай, санхүүгийн өндөр чадамжтай, нэр хүнд бүхий гадаад, дотоодын компаниудаас тавьж байгаа саналыг судалж хэлэлцээ хийх.
  11. Гэрээ байгуулахдаа олон улсын нэр хүнд бүхий зөвлөлгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах.
  12. Гэрээний хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцох.
  13. Хуулиас хэтэрсэн болон хуульд зааснаас өөр хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх.

УИХ-ын тогтоолын хоёрдугаар хавсралт

Оюутолгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж

  1. Гэрээг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх.
  2. Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах боломжийг судлан үзэх.
  3. Хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурлан хийх хувилбарыг судлан үзэх.
  4. Оюутолгойн ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох.
  5. Ордын уул геологийн нөхцөл, нөөцийн хэмжээтэй уялдуулан нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, тооцох арга хэлбэр, хуваарилалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу оновчтой хэрэгжүүлэх. Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох.
  6. Ордыг ашиглахад шаардлагатай шинээр барих хот тосгон болон эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбогдолтой барилга байгууламжуудын асуудлыг хэрхэн шийдэх талаар гэрээнд тусгах.
  7. Аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох.
  8. Үйлдвэрлэлд ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг хуульд нийцүүлэн тохиролцох.
  9. Байгаль орчин, хүн, амьтанд хор хөнөөлгүй, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах талаар болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг ордын хайгуул, ашиглалтын бүхий л үе шатанд хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн гэрээнд тусгах.
  10. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгйин 2007 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг анхааралдаа авч ажиллахын зэрэгцээ хуулиас хэтэрсэн болон хуульд зааснаас өөр хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх.
  11. Гэрээний хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцох.
  12. Гэрээ байгуулахдаа олон улсын нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын туслалцааг авах.